Мэдээ мэдээлэл
МАН-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ОХУ, БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид /2021.08.27/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй болон Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нартай уулзлаа.

Элчин сайд Чай Вэньруйтай хийсэн уулзалтын эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист Намын 100 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн сацуу саяхан болж өнгөрсөн Токиогийн олимпод БНХАУ-ын тамирчид өндөр амжилт гаргасанд баяр хүргэв. Түүнчлэн Монгол-Хятадын харилцаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд улам хөгжиж буй бөгөөд, цаашид нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л чиглэлээр харилцаагаа улам бэхжүүлэхээ илэрхийллээ. Цар тахлын энэ хүнд үед улс орнууд бие биенийгээ дэмжих, тэр тусмаа эдийн засгийн харилцаагаа тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатайг онцлов.




 
Тус уулзалтын үеэр талууд эрх баригч намуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгааг онцолж, цаашид намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүд, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн төр засгийн хэмжээнд яриа хэлэлцээрийн түвшинд дэвшүүлсэн хамтын ажиллагааны асуудлуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарахаа илэрхийллээ.





Оросын Холбооны Улсын Элчин сайд И.К.Азизовтай хийсэн уулзалтын үеэр талууд Монгол-Оросын уламжлалт найрсаг харилцаа, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаан дахь эрх баригч улс төрийн намуудын хамтын ажиллагааны үүргийн талаар хэлэлцэж Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Ардын Намын 100 жилийн ойг тохиолдуулан дээд түвшний уулзалт зохион байгуулах талаар санал солилцов. Түүнчлэн ОХУ-ын Төрийн Думын сонгууль 9 сарын 17-19-ний өдрүүдэд болох гэж байгаатай холбогдуулан тус улс дахь нөхцөл байдлын талаар Элчин сайд мэдээлэл хүргэв.




 
Өнгөрөгч 8 сарын 17-ны өдөр Монгол Ардын Намын төлөөлөл Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч Монгол-Кубын харилцаа, эрх баригч улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон билээ.

Монгол Ардын Нам дэлхийн 40 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг.



 
Сэтгэгдэл (1)
66.181.161.xxx
Дектатур улсын элчингүүдийг засаг баригч нам хүлээн авч юу л хийх гээд байнадаа
2021-08-31
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.