Мэдээ мэдээлэл
МОНГОЛ АРДЫН НАМ АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮДЭЭ ЧАДАВХИЖУУЛАХАД ОНЦГОЙ АНХААРНА



Монгол Ардын Нам 30 дахь Их Хурлаас гарсан бодлого шийдвэрийн талаараа  нийслэлийн есөн дүүргийн намын анхан шатны байгууллагын 4000 гаруй гишүүдэд мэдээлэл өгөх, саналыг нь сонсож, сонирхсон асуултуудад хариулах уулзалтыг зохион байгуулж байна.

Энэхүү уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар болон Монгол Ардын Намын Ажлын албаны газар, хэлтсийн дарга нар оролцож байна.  










Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн намын анхан шатны байгууллагын гишүүдтэйгээ уулзаад байна.



Монгол Ардын Намаас нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн нам байхаа тунхаглан зарласан. Хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоох, хууль эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагад нийцүүлэх, шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Монгол Ардын Нам УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө хүний эрхтэй холбоотой хэд хэдэн заалтыг дэвшүүлсэн бөгөөд үүнийг бодит ажил  болгох үүднээс  тодорхой алхмуудыг  эхлүүлээд байгаа юм. Тодруулбал 1.500 сургагч багш, 30.000 хүний эрхийн манлайлагч бэлтгэх, 300 мянган намын гишүүдээ сургах зэрэг үйл ажиллагааг эхлүүлсэн.




Өнөөдөр Монгол Улсад мөрдөж байгаа хууль эрх зүйн орчин хүний эрхийг хангалттай түвшинд хамгаалж чадаж байна уу, хүний нийгмийн харилцаанд бодитоор оршиж байгаа хүний эрхийн зөрчлийг хэрхэн арилгах гээд олон асуудлыг тал талаас нь судлан гаргаж ирсэн анхны тохиолдол юм. Цаашид ч энэ чиглэлд түлхүү анхааран ажиллахаа намын удирдлагууд идэвхтэн сонгуультнуудад танилцууллаа.



Мөн социал демократ үзэл баримтлал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, Шинэ сэргэлтийн бодлогын талаарх мэдээллийг намын анхан шатны байгууллагын гишүүдэд өгөв.



Монгол Ардын намын 30 дахь Их хурлаараа намын үндсэн дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тэдгээр өөрчлөлтөөс гишүүдийн хамгийн их талархлыг хүлээж байгаа нь авлига, албан тушаалтай холбоотой, гишүүдэд хариуцлага тооцох заалт байлаа. Тодруулбал авлига албан тушаалын хэрэгт гэм буруутай нь шүүх, хуулийн байгууллагаар тогтоогдвол намаас шууд хасах.

Мөн намын гишүүн төрийн болон улс төрийн өндөр албан тушаалд ажиллаж байхдаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол бүх шатны сонгууль болон намын дотоод сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах гэсэн үндсэн заалт орсон.




Энэхүү уулзалтын үеэр намын гишүүд үүсээд байгаа нийгмийн нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлтээ уламжилсан. Сэдвийн хувьд глобал асуудлаас эхлээд хорооныхоо хүрээлэн буй орчинтой холбоотой бүхий л зүйлийн талаарх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд гишүүдийн санал хүсэлтийг багцлан намын дунд шатны байгууллага тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн намын хорооны даргад иргэдээс ирүүлсэн асуудлыг ангилан албан тоотоор хүргүүлнэ. Ингэхдээ тодорхой хугацаа зааж, эргээд тайлан тавих байдлаар ажил хэрэг болгоно. Үүний үр дүнд олон иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж, тодорхой үр дүн гарах юм.



Цаашид намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас Нарийн бичгийн дарга нараар ахлуулсан таван баг ирэх тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 6-ныг дуустал хөдөө орон нутагт ажиллана.
21 аймаг 330 сумын намын гишүүдийн санал бодлыг сонсох, намын болон УИХ, Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэрийн талаар намын гишүүддээ мэдээлэл өгөх юм. Үүний зэрэгцээ намын идэвхтэн, сонгуультнууддаа хоёр өдрийн сургалт хийнэ.
Хүний эрх хамгаалагчийг бэлтгэх сургалтад хамрагдсан сургагч багш нар цаашид  анхан шатны байгууллагадаа хүрч ажиллана. 



 
Сэтгэгдэл (1)
66.181.161.xxx
2022-04-29
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.