Мэдээ мэдээлэл
Б.ПҮРЭВДАГВА: НАМААС ТАВАН БАГ БАЙГУУЛЖ, ОРОН НУТАГТ АЖИЛЛАНА



Монгол Ардын намаас нийслэл дэх дүүргүүдийн анхан шатны байгууллагын төлөөлөл, намын гишүүдээ хүлээн авч уулзаж байна. Цар тахлын дараах энэхүү уулзалтын талаар Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагваас тодрууллаа.

-Намын эд эс нь болсон анхан шатны байгууллагынхантайгаа уулзаагүй удсан байх. Энэ удаагийн уулзалтын гол сэдэв юу байгаа вэ?

-Цар тахлын жилүүдэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Тиймээс шар түвшинд шилжиж байдал намжсан энэ үед Монгол Ардын нам дүүргүүдийн намын гишүүдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсож байна. Ер нь намын анхан шатны байгууллагын гишүүдийнхээ саналыг сонсож, сонирхсон асуултад хариулах шаардлага бидэнд байсан. Энэ удаа нийтдээ 4000 гишүүнтэй уулзах бөгөөд намын 30 дахь Их хурлаас гарсан бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгнө. Мөн социал демократ үзэл баримтлал, хүний эрх, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх Шинэ сэргэлтийн бодлогын талаарх мэдээллийг намынхаа гишүүдэд өгч, ирээдүйд тулгамдаж байгаа асуудлын хүрээнд тэдний санал хүсэлтийг нээлттэй сонсож байна.

-Өнөөдөр Хан-Уул дүүргийн намын анхан шатны байгууллагынхантай уулзах юм байна. Үүнээс өмнө аль дүүргийн намын төлөөлөлтэй уулзсан бэ?

-Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагын гишүүдтэйгээ уулзаад байна. Уулзалтын үеэр намын гишүүд маань үүсээд байгаа нийгмийн нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлтээ уламжилсан. Сэдвийн хувьд глобал асуудлаас эхлээд хорооныхоо хүрээлэн буй орчинтой холбоотой бүхий л зүйлийн талаарх хүсэлтээ ирүүлж байна. Бид гишүүдээсээ ирүүлсэн санал хүсэлтийг багцлан намын дунд шатны байгууллага тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн намын хорооны даргад иргэдээс ирүүлсэн асуудлыг ангилан албан тоотоор хүргүүлнэ. Ингэхдээ тодорхой хугацаа зааж, эргээд тайлан тавих байдлаар ажил хэрэг болгоно. Үүний үр дүнд олон иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж, тодорхой үр дүн гарах юм. Цаашид ирэх тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 6-ныг дуустал таван баг байгуулан хөдөө орон нутагт ажиллана. 21 аймаг 330 сумын намын гишүүдийн санал бодлыг сонсох, намын болон
УИХ, Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэрийн талаар намын гишүүддээ мэдээлэл өгөх юм. Үүний зэрэгцээ намын идэвхтэн, сонгуультнууддаа хоёр өдрийн сургалт хийнэ. Хүний эрх хамгаалагчийг бэлтгэх сургалтад хамрагдсан сургагч багш нар цаашид  анхан шатны байгууллагадаа хүрч ажиллах юм.  

-30 дахь Их хурлаас гарсан бодлого шийдвэр, тэр дундаа намын дүрмийн өөрчлөлтийн талаар гишүүд хэр мэдээлэлтэй байна вэ?

-Мэдээлэл авсан нь олон зүйлээс ажиглагдсан. Монгол Ардын намын 30 дахь Их хурлаар намын үндсэн дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тэдгээр өөрчлөлтөөс гишүүдийн хамгийн их талархлыг хүлээж байгаа нь авлига, албан тушаалтай холбоотой, гишүүдтэй хариуцлага тооцох заалт байна. Монгол Ардын намын гишүүн авлига албан тушаалын хэрэгт гэм буруутай нь шүүх, хуулийн байгууллагаар тогтоогдох юм бол намаас шууд хасах. Мөн намын гишүүн төрийн болон улс төрийн өндөр албан тушаалд ажиллаж байхдаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдох юм бол бүх шатны сонгууль болон намын дотоод сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах гэсэн үндсэн заалт бий. Үүнийг намын гишүүд маань талархалтай хүлээн авч байна.




-Манай сонин намын анхан шатны байгуллагаас сурвалжилга бэлтгэхэд хамгийн их тулгамдаж буй асуудал нь орон байрны асуудал байсан?

-Монгол Улс даяар нийтдээ намын анхан шатны 2800 байгууллага байдаг. Бусад улс төрийн намуудтай харьцуулахад манай намын дотоод нөөц хангалттай бэхэжсэн. 330 сум, 195 хорооны намын хороо бүгд байртай. Харин намын үүрүүдийн зарим нь өөрийн гэсэн байргүй. Тиймээс гишүүдийнхээ татварын хураамжийн төлбөрөөр байр түрээслэх байдлаар асуудлыг шийдвэрлэж байгаа.

-Энэ далимд, танаас нэг зүйлийг тодруулъя. Та Монгол Ардын намын Жендэрийн тэгш байдлыг хангах ажлын хэсгийн дэд даргаар ажилладаг. Та бүхэн цаашид ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? 

-Жендэрийн тэгш байдлыг хангах ажлын хэсгийг намын нарийн бичгийн дарга Б.Тулга ахалдаг. Бид НҮБ-ын Хөгжлийн сан, БНСУ-ын КОЙКА-тай шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Мөн Фридрих-Эбертийн сантай эмэгтэй улстөрчдийг бэлтгэх төслийг ирэх зургадугаар сард эхлүүлэхээр болоод байна.
 

 
Сэтгэгдэл (5)
66.181.160.xxx
Сайн байна Намдаа хэлэх хандах зүйл багагүй байна Тэсэн ядан хүлээж байна
2022-04-29
203.91.115.xxx
2022-04-29
66.181.161.xxx
2022-04-29
59.153.112.xxx
сайн байна шүү амжилт
2022-04-30
66.181.160.xxx
СХД-т хурал хийгээгүй худлаа яриад байгаарай
2022-05-01
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.