Мэдээ мэдээлэл
СОЦИАЛ ДЕМОКРАТ, ДЭВШИЛТЭТ НАМУУД ХЯМРАЛЫГ ШИЙДЭХ ҮР ДҮНТЭЙ ХАМТЫН ГАРЦ, ШИЙДЭЛ БИЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ



ХБНГУ-д айлчлал хийж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нарын МАН-ын төлөөлөгчид айлчлалын эхний өдөр /2022.05.09/ ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Кристиане Кеспер, Ази Номхон далайн бүс хариуцсан газрын дарга Марк Заксер нартай уулзалт хийлээ.



Уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  Монгол Улсад ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, бий болгох, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийлж, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг дээдлэн хүн бүрд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын оролцооны тэгш боломжийг бүрдүүлж, тэгш оролцоог хангадаг чөлөөт, эв санааны нэгдэлтэй нийгмийг бий болгох нэгэн ижил зорилгын төлөө бид бүхэн зүтгэж байгаад их баяртай байна, цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.



ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Кристиане Кеспер КОВИД-19 цар тахлын хямрал, уур амьсгалын өөрчлөлт, Европ дахь хямралын асуудал нь социал демократ, дэвшилтэт намууд илүүтэй ихээр хамтран ажиллаж, яриа хэлэлцээр өрнүүлж хямралыг шийдэх үр дүнтэй хамтын механизм бий болгох нь чухлыг онцлов. Тэрбээр “Монгол улс бол Ази дахь “Ардчиллын баянбүрд” улсын хувьд дэлхийн социал демократ хамтын нийгэмлэгт чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй дэлхий дахины ардчиллын үйл хэрэгт их зүйл хийж байгаа улс” гэж үздэгээ илэрхийлэв.

Ази Номхон далайн бүс хариуцсан газрын дарга Марк Заксер сүүлийн жилүүдэд дэлхийн хамтын нийгэмлэгт ихээхэн сорилт тулгарч, нийгмийн томоохон өөрчлөлтүүд явагдаж байна. Энэ нөхцөлд улс орнуудын эдийн засаг дахь төрийн оролцоо, нийтийн сайн сайхны төлөөх бодлогуудад социал демократ намууд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Ингэхдээ нийгмийн олон янзын ашиг сонирхлын бүлгүүдийн хооронд зөвшилцөл хийх, нийтийн ашиг сонирхол болон ахмад, залуучууд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхлын харилцан тэнцвэрийг судалгааны үндсэн дээр тодруулах нь чухал юм гэлээ.




Уулзалтын үеэр Монголын нийгэм дэх нийгэм, улс төрийн шилжилт, иргэдийн үнэт зүйлсийн төлөвшлийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх тухайд ярьж тохиров.



Айлчлалын бүрэлдэхүүний дараагийн уулзалт эрчим хүч, цаг уурын бодлогын шинэчлэлт, эрчим хүчний шилжилтийг шударгаар хэрэжүүлэх чиглэлээр ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Төлөвлөлт, шинжилгээний албаны Эрчим хүч, байгаль орчин, бүтцийн бодлого хариуцсан дарга Макс Остермайертэй хийсэн уулзалтаар үргэлжиллээ.



Герман улсын хувьд эрчим хүчний бодлогыг экологи, эдийн засгийн бодлоготойгоо уялдуулан явах нь аль ч намын мөрийн хөтөлбөрт хүчтэй тусгасан асуудал байдаг. Уулзалтын үеэр дэлхий дахины нийгэм-экологийн өөрчлөлт болон эрчим хүч, цаг уурын бодлогын шинэчлэлт, байгаль орчинд ээлтэй бодлогыг аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг алдагдуулахгүйгээр хэрхэн зохион байгуулдаг болон Герман улс, Европын холбооны бодлогын талаар ярилцав.

Мөн дэлхийн социал демократ намууд уур амьсгалын өөрчлөлт, цар тахал болон Орос-Украины хямралаас үүдэлтэй эрчим хүчний салбарт учирч буй шинэ сорилтыг хэрхэн даван туулах, эрчим хүчний шилжилтийг нийтийн сайн сайхны төлөө, шударга ёсны зарчмын дагуу хэрхэн хийх тухайд онцгойлон анхаарлаа хандуулах нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.

 
Сэтгэгдэл (2)
192.82.83.xxx
2022-05-11
192.82.83.xxx
2022-05-11
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.