Мэдээ мэдээлэл
Социал демократ, дэвшилтэт намууд хямралыг амжилттай даван туулах хамтын гарц, шийдлийг бий болгоно


 
Монгол Ардын намын төлөө­лөгчид Германы Социал демократ намын урилгаар албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нар багтсан байна. Германы Социал демократ нам нь Герман дахь гол нөлөө бүхий үндсэн хоёр улс төрийн хүчний нэг бөгөөд 1863 онд байгуулагджээ.

Тус нам 2021 оны есдүгээр сард ХБНГУ-ын Бундестагийн ээлжит сонгуулиар ялалт байгуулж, 2021 оны арван­нэгдүгээр сард Ногоон нам, Чөлөөт ардчилсан намтай шинэ Засгийн газрын эвсэл байгуулан ажиллаж байгаа юм.




159 настай Германы социал демократ нам залуучуудын нам болж шинэчлэгдэж байна

ХБНГУ-д айлчлал хийж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын төлөөлөгчдийг Германы Социал демократ нам (СДН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Кьюнерт хүлээн авч уулзсан. Германы СДН-ын хувьд 159 жилийн настай ахмад нам. Харин МАН 101 жилийн түүхтэй. Зуун дамнасан түүхтэй намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт, ярилцлага тун сонирхолтой болсон юм. Германы СДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Кьюнерт “Манай намын хувьд өнөөдөр хамгийн хурц асуудал бол “Ковид-19” цар тахлын дараах цахим шилжилт, цаг уурын өөрчлөлт, Орос-Украины нөхцөл байдлын үеийн дэлхийн улс төр, гадаад бодлогын өөрчлөлт болж байна.




Нийгэмд шилжилт хурдтай яваг­даж, шинэ залуу үеийнхний үзэл бодол ихэд өөрчлөгдөж байна. Улс төрийн нам цаг үеэ сайн мэдэрч олон нийттэй харилцах комму­никацыг их хурдтай хийж байх ёстой гэдгийг бид мэдэрч байгаа. Тийм учраас бид намаа орчин үеийн нам болгохын тулд багагүй зүйл хийж байна. Цаашид ч ажиллах шаардлагатай байгаа. Германы СДН бол 159 жилийн настай хуучны нам тул хэн ч орчин үеийн нам гэж үздэггүй байсан. Сонгуульд ялахад өнгөрсөн үеийн гавьяа зүтгэл нөлөөлөхгүй гэдгийг бид ойлгож, өнөөгийн нийгмийн бүтцийг төлөөлөх ёстой гэдгийг мэдэрсэн. Тухайлбал, бид Бундестагийн сүүлийн сонгуульд залуу нэр дэвшигчдийг олноор өрсөлдүүлж амжилттай оролцлоо. Өдгөө Бун­дестагийн гишүүдийн дөрөвний нэг нь 35-аас доош насныхан байгаа” гэдгийг онцолж байсан юм. Уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Та бүхэнд тулгамдаж буй асуудлыг МАН ч мөн адил туулж байна. МАН 100 жилийн настай улс төрийн ууган намын хувьд шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж, шинэ зууны бодлогын нам болохоор хичээн ажиллаж байна. Германы СДН-ын удирдлагад залуу хүмүүс гарч ирсэн. МАН ч мөн адил шинэ залуу удирдлагуудтай болсон. МАН 30 дахь Их хурлаа хийж, үзэл баримтлалаа тодотгож, социал демократ нам гэдгээ зарлаж, “Шинэ эрин дэвшилтэт бодлого” хөтөлбөрөө баталсан. Хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, хүн бүр харилцан хариуцлага хүлээж, бие биенээ дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг нийгэм байгуулах нь "Шинэ эрин дэвшилтэт бодлого"-ын гол зорилт юм. Цаашид дэвшилтэт бодлогын цахим нам болоход танай намын туулсан зам, олсон туршлагаас суралцахын хамт ардчилал, хүний эрхийн чиглэлээр өөрийн туршлагыг хуваалцах, хамтран ажиллахад бэлэн байна. Өнөөгийн хямралт нөхцөл байдалд Монгол Улсын гуравдагч хөрш, гол түнш болсон ХБНГУ бидний нөхцөл байдлыг сайн ойлгож, тусламж дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлээсэй” гэж хүсэж байгаа гэдгээ илэрхийлэв.

Энэхүү уулзалтаар Германы СДН болон МАН-ын хооронд нам хоорондын хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх, боловсон хүчин бэлдэх, бодлогын судалгааны түвшинд хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар хэлэлцэн тохирлоо. Төлөөлөгчид мөн Германы СДН-ын Холбооны үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Жессика Вишмайер, бүлгийн Гадаад харилцааны нарийн бичгийн дарга Филипп Финк нартай уулзаж хоёр намын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цар тахал, эдийн засгийн хүндрэлийн үед дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах тухай ярилцсан юм.

“Прогрессив Аллианс”-ын зохицуулагч Конни Ройтертой уулзав




Төлөөлөгчид айлчлалын хоёр дахь өдөр “Прогрессив Аллианс”-ын олон улсын зохицуулагч Конни Ройтертой уулзалт хийв. Тус уулзалтаар “Ковид-19” цар тахлын дараах нөхцөл байдал, намын дэвшилтэт бодлого, Прогрессив Аллианс дахь МАН-ын оролцооны тухай ярилцаж, санал солилцсон юм. Дэлхийн Социал демократ, дэвшилтэт намуудын олон улсын Прогрессив Аллианс /Progressive Alliance/ байгууллагын 2019 оны ээлжит чуулганаар тус байгууллагын Удирдах зөвлөлд дэлхийн 140 гаруй намаас 40 намын төлөөлөл сонгогдсоноос МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар сонгогдсон билээ.



МАН Фридрих Эбертийн сантай хамтарсан судалгаа хийнэ



ХБНГУ-д айлчлал хийж буй МАН-ын төлөөлөгчид ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Кристиане Кеспер, Ази, Номхон далайн бүс хариуцсан газрын дарга Марк Заксер нартай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад ардчилсан тогтолцоог төлөвшүүлэх, бий болгох, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулахад ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийлж, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг дээдлэн хүн бүрд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын оролцооны тэгш боломжийг бүрдүүлж, тэгш оролцоог хангадаг чөлөөт, эв санааны нэгдэлтэй нийгмийг бий болгох нэгэн ижил зорилгын төлөө бид бүхэн зүтгэж байгаад их баяртай байна, цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Фридрих Эбертийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Кристиане Кеспер “Ковид-19” цар тахлын хямрал, уур амьсгалын өөрчлөлт, Орос, Украины асуудал дэлхийн олон улс оронд, асар их хохирол, эдийн засгийн хямрал дагуулж байна. Энэ хүнд цаг үед социал демократ, дэвшилтэт намууд илүү их хамтран ажиллаж, яриа хэлэлцээр өрнүүлж хямралыг шийдэх үр дүнтэй хамтын механизм бий болгох нь чухал байна гэдгийг онцолж байсан юм. Тэрбээр “Монгол бол Ази дахь “Ардчиллын баян бүрд” болсон улс. Дэлхийн социал демократ хамтын нийгэмлэгт чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй дэлхий дахины ардчиллын үйл хэрэгт их зүйл хийж байгаа улс” гэж үздэгээ илэрхийлж байлаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн хамтын нийгэмлэгт ихээхэн сорилт тулгарч, нийгмийн томоохон өөрчлөлтүүд явагдаж байна. Энэ нөхцөлд улс орнуудын эдийн засаг дахь төрийн оролцоо, нийтийн сайн сайхны төлөөх бодлогуудад социал демократ намууд гол үүрэг гүйцэтгэх ёстой гэлээ.

Уулзалтын үеэр Монголын нийгэм дэх нийгэм, улс төрийн шилжилт, иргэдийн үнэт зүйлсийн төлөвшлийн чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр ярилцан тохирсон байна. Мөн төлөөлөгчид Фридрих-Эбер­тийн сангийн Эрчим хүч, байгаль орчин, бүтцийн бодлого хариуцсан дарга Макс Остермайертай уулзалт хийлээ. Герман улсын хувьд 2050 оноос хойш бүх салбартаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний олборлолтыг зогсоох том амбицтай байгаа. Энэ бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөрөө ч тэргүүлж байгаа улс. Тиймээс ч төлөөлөгчид байгаль орчинд ээлтэй бодлогыг аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг алдагдуулахгүйгээр хэрхэн зохион байгуулж байгааг сонирхож, тэдний туршлагатай танилцсан юм. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын тоонд ордог.

Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглахад зөв бодлого, төрийн дэмжлэг, олон улсын хамтын ажиллагаа хэрэгтэй гэдгийг Макс Остермайер онцолж байлаа. Сонирхуулахад, Герман Улсын Социал демократ намаас нэр дэвшигч Фридрих Эберт 1919 онд Германы анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бөгөөд түүний гэрээслэлийн дагуу Фридрих Эбертийн санг 1925 онд байгуулж байжээ. Дэлхийн 100 гаруй улсад өөрийн төлөөлөгчийн газар­тай Фридрих Эбертийн сан нь нийгмийн ардчиллын үндсэн гурван үнэт зүйлс болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилдаг. Социал-демократ үзэл баримтлал болон чөлөөт үйлдвэрчний эвлэлийг дэмждэгээрээ онцлогтой







Рольф Мьютцених: Энхийг эрхэмлэгч, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчмыг баримталдаг социал демократ намуудын хамтын ажиллагаа чухал



Энэхүү айлчлалын үеэр УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестаг дахь Германы СДН-ын бүлгийн дарга Рольф Мьютценихтэй уулзлаа. Рольф Мьютцених “МАН болон Германы СДН хоёр уламжлалт хамтын ажиллагаатай намууд. Манай хоёр нам аль аль нь сонгуульд амжилттай оролцсоны дараа энэ уулзалт болж байгаагаараа онцлог. Мөн дэлхий дахинд цар тахлын хямрал, Орос-Украины нөхцөл байдлаас үүдсэн хүнд цаг үед бид уулзаж байна. Ийм хүнд цаг үед энхийг эрхэмлэгч, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчмыг баримталдаг социал демократ намуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэе.

Герман-Монголын хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх баригч намуудын улс төрийн бодлого, түншлэл чухал үүрэгтэй гэдгийг онцолж байлаа. Германы СДН Бундестагийн сонгуульд оролцохдоо “Ирээдүй, Хүндлэл, Европ” гэсэн уриатайгаар оролцож, уур амьсгалын өөрчлөлт, зохистой хөдөлмөр, шударга ёсыг бэхжүүлэхээ амласан. Мөн тус нам залуу нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэж чадсанаараа амжилт олж, эвслийн Засгийн газраа байгуулаад байгаа юм. Энэ талаар ноён Рольф Мьютцених “Энэ удаагийн Бундестагийн сонгуулиар Германы СДН олон залуу гишүүдийг нэр дэвшүүлж ялалт байгуулж чадсан. Хоёр намын хамтын ажиллагаандаа эдгээр залуу гишүүдээ татан оролцуулж, Герман-Монголын хоорондын улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахдаа бид баяртай байна” хэмээв. УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл өндөр байна. Монгол Ардын нам даян дэлхийн энх тайван, улс орнуудын тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн социал демократ үзэл санааны түүчээ, төлөвшиж нягтарсан, дэвшилтэт бодлого бүхий нам болохын хувьд Германы СДН болон Бундестаг дахь Германы СДН-ын бүлэгтэй нягт хамтран ажиллах, харилцаагаа улам бүр өргөжүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлэв. Мөн Бундестаг дахь Германы СДН-ын бүлгийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлал хийхийг урилаа.


Нилс Аннен Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг буцааж оруулахаа илэрхийлэв


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын төрийн нарийн бичгийн дарга Нилс Аннентай уулзсан юм. Д.Амарбаясгалан Монгол Улсын хөгжил, дэвшлийг тууштай дэмжиж ирсэн гуравдагч хөрш ХБНГУ-тай харилцааны түвшинг ахиулж, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлд хүргэхийг зорьж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм. Мөн ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны (ХБХА) хүрээнд байгаль орчин, эрчим хүч, эдийн засгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Гэвч ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас 2024 онд гаргах шийдвэр гаргасан. Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн энэхүү хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Нилс Аннен Д.Амарбаясгалан даргын хүсэлтийг хүлээн авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байлаа. Тэрбээр “Өмнөх Засгийн газар Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас хасах шийдвэр гаргасан хэдий ч та бүхний хүсэлтийн дагуу буцаан оруулах чиглэлээр идэвхтэй ажиллана” хэмээн мэдэгдсэн юм. Цаашид Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаагаар зогсохгүй эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын хүрээнд туршлага солилцож, хамтын ажиллагааг идэвхтэй байлгаж, дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тэрбээр онцолж байлаа.








 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.