Мэдээ мэдээлэл
МАН орон даяар социал демократ үзэл баримтлалыг таниулж байна






Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун-дэвшилтэт бодлого”-ыг тунхаглан, намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан. “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 04-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна. Тиймээс МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Улс  төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ, Технологи иновацийн газрын дарга Н.Жавхлан нараар ахлуулсан таван баг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 338 намын хороо, 2242 намын үүрийн гишүүдэд социал демокат үзэл баримтлалыг таниулж байна.  Нэг аймагт хоёр өдөр зохион байгуулагдах сургалтаар намын 30 дахь Их хурлын бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлалыг таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн  орон нутаг дахь намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнуудыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд чиглэж байгаа юм.


 
 
Социал демократ үзэл баримтлалын үнэт зүйлийн нэг бол хүний эрх


 
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатараар ахлуулсан баг Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллалаа. Тус багийн бүрэлдэхүүнд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Ч.Баасанжаргал тэргүүтэй Удирдах зөвлөлийн Ажлын албаныхан багтав. Дундговь аймагт ажиллахдаа Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Монгол Улсын дотоод, гадаадын нөхцөл байдал, Монгол Ардын намын бодлого үйл ажиллагаа, 30 дахь Их хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, аймаг орон нутагтай холбоотой мэдээллийг сургалтаар дамжуулан өглөө. Мөн “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сургалтын ач холбогдол, социал демократ үзэл баримтлалын талаар нийт сургалтад хамрагдаж буй намын анхан шатны байгууллагын гишүүдэд мэдлэг олгов. Социал демократ  үзэл баримтлалын хамгийн үнэт зүйлийн нэг бол хүний эрхийн асуудал. Хүний эрх бүрэн хангагдсан, бүрэн хамгаалагдсан нийгэм эрүүл, аюулгүй, шударга, эрх чөлөөтэй байх үндэс тавигдана. Тус баг Дорноговь аймагт “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сургалтаа зохион байгуулахад аймгийн МАН-ын хорооны дарга О.Батжаргал, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар оролцлоо.

Социал демократ бодлогыг дэлгэрүүлэхэд технологийн боломжийг ашиглана 


 
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Мөрийн хөтөлбөр, бичиг баримт боловсруулалтын хэлтсийн дарга Д.Онолт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Бумдарь тэргүүтэй баг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт ажиллав.



Сэлэнгэ аймагт зохион байгуулсан сургалтад тус аймгийн намын байгууллагын удирдах ажилтан, намын анхан болон дунд шатны байгууллагын гишүүд, дэмжигчид, аймаг, сумын намын хорооны дарга, тэргүүлэгчид оролцлоо.  Хөтөлбөрийн дагуу “Миний байр суурь” сорил, “Социал демократ үзэл баримтлалын үндэс”, “Яагаад социал демократ үзэл баримтлал гэж” үзүүлэн, “Социал демократууд яаж нийгмээ өөрчилдөг вэ” дасгал ажлууд орлоо.

Сургалтанд аймаг, сумдын намын хорооны дарга, дэд дарга, гишүүд хяналтын хорооны дарга, тэргүүлэгчид, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын дарга, тэргүүлэгчид зэрэг нийт 156 гишүүн оролцож сертфикат гардаж авлаа.

 
Мөн тус баг  Төв аймгийн намын байгууллагын удирдах ажилтан, анхан болон дунд шатны байгууллагын гишүүд, дэмжигчид, аймаг, сумын намын хорооны дарга, тэргүүлэгчдэд  сургалт явуулав.  Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нээж  “Улс төрийн өнөөгийн байдал, Монгол Ардын намын дэвшилтэт бодлого” сэдэвт илтгэл тавьсан юм.  Тэрбээр Монгол Ардын нам дүрэмдээ өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийг гишүүнээс түдгэлзүүлэхээр болсон тухай болон хуулийн байгууллагаар шалгуулж, гэм буруутай эсэх нь тогтоогдсон тохиолдолд бүх шатны сонгуульд оролцуулахгүй болсныг тодотголоо. Мөн социал демократ үзэл баримтлалын суурь зарчим нь эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл. Хүн бүрд сайхан амьдрах эрх  тэгш боломжийг мэдээллийн технологийн давуу талаар олгоно. Цахим нам болсныхоо хувьд социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхэд технологийн өргөн боломжуудыг ашиглаж, намын дэвшилтэт бодлогыг гишүүд, дэмжигчдэд хүргэхэд онцгой анхаарч байгааг Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд онцолж байв. “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сургалтад Төв аймгийн 200 гаруй гишүүд, дэмжигчид оролцлоо.

Баянхонгор аймагт “Шинэ зуун- дэвшилтэт бодлого-2022” сургалт амжилттай боллоо
 


Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, МАН-ын дэргэдэх сургалт, судалгааны Стратеги академийн захирал Б.Болорсайхан   тэргүүтэй баг Баянхонгор аймагт ажиллалаа. Баруун бүсийн аймгуудад ажиллах энэ баг Баянхонгор аймгийн Баянхонгор суманд намын гишүүд дэмжигчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож тэдгээрт социал демократ үзэл баримтлалын тухай, мөн Монгол Ардын намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, намын гишүүд дэмжигчдэд хэрэгцээтэй мэдээ мэдээллийг хүргэж сургалтаа хоёр өдрийн хугацаанд амжилттай зохион байгууллаа. Хүний эрх, эрх чөлөө, эв санааны нэгдэл, шударга ёсыг хангасан хүн төвтэй  социал демократ намын хувьд намын бүх гишүүдийг ардчилал, хүний эрхийн асуудлаар мэдлэг, мэдээлэлтэй, эерэг зөв мэдрэмж, хандлагатай байх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд “Ардчилал, хүний эрхийн асуудал”, “Авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх нь” сэдвээр сургалт үргэлжилж, нэгдсэн хэлэлцүүлэг хийлээ. Социал демократ үзэл баримтлалыг хөгжлийн загвараа болгосон улс орнуудад өнөөдөр нийгмийн шударга ёс хангагдсан, баян хоосны эрс ялгаа багатай, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үр нөлөөлтэй, хүртээмжтэй тогтолцоо бий болсон байдаг. Мөн үүнээс гадна өндөр бүтээмжтэй эдийн засагтай улс болсон байдаг.  Мөн намын гишүүдэд хүний эрхийн асуудлыг илүү хөндсөн сургалт зохион байгуулсан юм.

МАН-ын дэвшилтэт бодлогыг Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн гишүүдэд танилцуулав 



 


Өвөрхангай аймагт энэ сарын 20-21-нд  зохион байгуулсан сургалтад аймаг, сумын намын хорооны дарга, төлөөлөгчид, намын дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөлөл, гишүүд дэмжигч 168 хүн оролцлоо.  Монгол Ардын намын улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал ба Монгол Ардын намын дэвшилтэт бодлого” илтгэлийг танилцуулсан. “Намын дүрмийн өөрчлөлт”, “”Намын үйл ажиллагааг сайжруулах арга зам” сэдвүүдээр сургалт явагдлаа. Сургалтад УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл оролцож, улс орны нийгэм,  эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын хорооны дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ “Өвөрхангай аймаг 2021 оны ажлын үр дүнгээрээ тэргүүлж, “Шилдэг аймаг”-аар ес  дэх удаагаа шалгарсан. Энэ бол Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын хороо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж, бүтээлч ажиллаж ирсэнтэй холбоотой” гэлээ.
Түүнчлэн Монгол Ардын намын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнийн ахалсан баг Архангай, Хөвсгөл аймагт ажиллав.

Социал демократ үзэл баримтлалын үнэт зүйлсийг таниулав

 
Хэнтий аймагт зохион байгуулсан сургалтад Монгол Ардын намын Технологи, инновацын газрын дарга Н.Жавхлан “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Ардын Намын дэвшилтэт бодлого” сэдвээр, Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа “Намын үйл ажиллагааг сайжруулах арга зам” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Ц.Идэрбат үг хэлж, илтгэл тавьсан. Тэрбээр,  илтгэлдээ намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг дүгнэх журам, санхүүжилтийн журам, намын хорооны тэргүүлэгч, гишүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох журмуудыг баталсан тухай танилцуулсан юм. Мөн Хэнтий аймгийн Монгол Ардын намын хороо нь үйл ажиллагаагаа улам боловсонгуй болгож, тэргүүлэгч гишүүдийнхээ ажил үүргийн хуваарийг гаргаж, тухайн жилийн хийж хэрэгжүүлэх ажлаа төсвийн хамт тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн, хийх ажил, гүйцэтгэлийг үнэлэх тогтолцоог бүрдүүлж байгаа нь үр дүнгээ өгчээ. Энэхүү сургалтыг сумын намын хорооны түвшинд зохион байгуулах бөгөөд намын 30 дахь Их хурлын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах аж. МАН Хүний эрхийн боловсролыг намын гишүүддээ олгож, намын гишүүдээрээ дамжуулан олон нийтийг хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, ажил хэрэг болгохоор зорьж байна. Мөн  Стратеги академиас социал демократ үзэл баримтлалын үндэс, үнэт зүйлсийн талаар оролцоонд тулгуурласан сургалтыг зохион байгуулав. Хэнтий аймагт болсон хоёр өдрийн сургалтанд 100 орчим гишүүд оролцсон юм.

Үргэлжлүүлэн  Монгол Ардын намын Технологи, инновацын газрын дарга Н.Жавхлан,  Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан юм.






 



Н.Нягт
Эх сурвалж: Монголын үнэн

 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.