Мэдээ мэдээлэл
ШЕЗ, ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ С.БЯМБАЦОГТ ГИШҮҮН АХАЛНА

 
   УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүнийг оруулахгүй байхаар хуульчилсан ч МАН, АН-ын бүлгээс гишүүн оруулах санал гаргаснаас үүдэлтэйгээр багагүй маргаан дэгдсэн юм. Тиймээс Байнгын хороо асуудлаа эцэслэж чадалгүй завсарласан бөгөөд өчигдөр ийнхүү үргэлжлүүлэв. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан. Уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томиллоо. Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Үүний дагуу ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн хүсэлтийг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн билээ. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан шаардлагыг хангасан, ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байх учиртай. Тодруулбал, хууль зүйн өндөр мэргэшилтэй эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг шаардлагыг хангасан байх учиртай. Харин Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.8-д заасан дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байхаар тусгасан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилох УИХ-ын даргын захирамжийг танилцуулсантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ажлын хэсгийг ахалж байгаа хүн Байнгын хорооны дарга байж болохгүй. Энэ зарчмын асуудал. Тиймээс С.Бямбацогт дарга үүнийг ахалж болохгүй. Ерөнхийлөгч дээр байсан эрх мэдлийг нэлээн юм болж байж аваад улс төрөөс хамаардаггүй шударга шалгаруулалт явуулъя гэсэн атлаа Байнгын хорооны даргаар ахлуулчихаж байна. Зүгээр сул гишүүд байгаа шүү дээ. МАН дотор байгаа байлгүй дээ” гэсэн юм. Харин гишүүн Ш.Адьшаа “Н.Алтанхуяг гишүүний саналыг дэмжиж байна. Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн ахална гэж байгаа. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны дарга бол давхар албан тушаалтан. Энэ шүүхийн сахилгын хороо, ШЕЗ-ийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг УИХ-ын бүтцийн байгууллага. Энэ ажлын хэсгийг ахлаад явах УИХ-ын гишүүн байгаа” гэлээ. Харин тэдний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулахдаа “Би та бүхэнтэй адилхан УИХ-ын гишүүн. Гэхдээ та бүгдийн саналыг сонсъё. Би өөрөө оръё гээд орсонгүй. УИХ-ын даргаас асуух хэрэгтэй байх” гэв. Харин УИХ-ын Д.Ганбат “Хууль зүйн байнгын хорооны дарга ахлахгүй хэн ахлах юм. Энэ бол яг л хариуцлагаа үүрсэн албан тушаалтан шүү дээ. Би 2014-2016 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа бүх л ажлын хэсгийг ахалж байсан. Яагаад гэхээр хариуцлагаа дараа нь хүлээдэг” гэх байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ажлын хэсгийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар хуульд заасан. Гишүүдийн зүгээс ХЭҮК-д УИХ-ын гишүүн ороогүй байна. Энэ хүмүүс шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх чадваргүй гэсэн. Ажлын хэсгийн шийдвэрийг байнгын хорооны хуралдаанаар ёсчилно. Үүний үр дагаврыг УИХ улс төрийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тиймээс УИХ-ын нэг гишүүн Ажлын хэсэгт заавал байх ёстой гэж үзсэн. Ажлын хэсгийн ахлагчийг хэн тавих вэ гэж яриад УИХ-ыг төлөөлөх ганц хүн нь УИХ-ын дарга байна гэж үзсэн. Тиймээс УИХ-ын даргаас томилогдсон хүнээр Ажлын хэсгийг ахлуулах ёстой гэж хуульд заасан. Байнгын хороон дээр УИХ-ын даргын захирамжийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг санал хураалт явуулахгүй байх. Хуульдаа шууд томилно гэж бичсэн учраас санал хураалт явуулахгүй. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны хуралд УИХ-ын даргын захирамжийг танилцуулна гэж заасан” хэмээн хууль дахь процессын зүйлийг талаар тайлбар хийсэн юм.

М.Өнөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.