Мэдээ мэдээлэл
ТҮЛЭНХИЙН ТӨВИЙГ ЭНЭ ОНЫ ЗУРГААДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА


   
   Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кувейтийн парламентын бүлгийн дарга Ц.Анандбазар тэргүүтэй гишүүд Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар 2020 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг онцолж, энэхүү найрсаг харилцааг улам бүр бататган бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө парламентын бүлгийн гишүүд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн байна. Манай улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудаас хамгийн түрүүнд Кувейт улстай дипломат харилцаа тогтоож байжээ. Монгол Улс, Кувейт улстай тогтоосон хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд тус улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд хуваарийн дагуу үргэлжилж байна. Тухайлбал, Кувейт улсын Засгийн газраас Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэлд найман сая ам.доллар, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төсөлд 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн. Мөн Кувейтийн сан Өндөрхаан-НоровлинДадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 500 орчим мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасанд талархал илэрхийлжээ. Улмаар Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Түлэнхийн төвийн төслийг энэ оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг уламжилсан юм. Элчин сайд Мухаммед Аль-Мутайри хоёр тал аялал жуулчлал, агаарын харилцааны салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж, энэ чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулахын чухлыг онцолсон байна. Тэрбээр, Кувейт улс КОВАКС хөтөлбөрийн хандивлагч орнуудын нэг бөгөөд Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний вакцинуудаа оруулж ирсэнд баяртай буйгаа илэрхийлээд Монгол Улсын төр засгаас цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өндрөөр үнэлж байгаагаа хэлсэн байна. Мөн ноён Элчин сайд Мухаммед Аль-Мутайри Давхар татварын тухай болон Агаарын харилцааны тухай хэлэлцээрүүдийг байгуулахад парламентын зүгээс анхаарахыг хүслээ.

Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.