Мэдээ мэдээлэл
ЭРИН ЗУУНЫГ ӨРТӨӨЛСӨН ИХ ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ


МАН-ын түүхт 100 жилийн ой бол Монголын ард түмний эрх чөлөө, аз жаргал, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө явуулсан баатар тэмцлийн яруу алдарт дайчин замнал юм. МАН хамжлагат ёсны хоцрогдсон харилцаатай, олон зуун жилийн колоничлолын дарлалын ул мөр, дотоод, гадаадын олон давхар дарлалд нэрвэгдсэн Монголын ард түмнийг хүний нийгмийн түүхэн дэвшлийн шинэ эрин үетэй золгуулах хувь заяаг нуруундаа үүрсэн билээ. Ийнхүү дэлхийн хөрөнгөтний эсэргүүцэл, түрэмгийлэн эзлэх бодлого, дотоодын ангийн тэмцэл, хөдөлгөөн, шинэ нийгмийн төрөлтийн хүндрэл, бэрхшээл, нялхсын өвчин, зүүн, барууны нугалаа завхрал, хэлмэгдүүлэлт, улс орныхоо нийгэм-эдийн засгийг цогцлон бүтээх зэрэг түүхэн нөхцөл байдалд унах, босохын хувь тавиланг үүрэн, монгол орон аж үйлдвэрлэлийн нийгэм байгуулах хүн төрөлхтний жам ёсны түүхэнд нэгдэн нийлжээ. Улмаар агуу их Оросын ард түмэн хүний нийгмийн түүхэнд анх удаа дарлал мөлжлөггүй хөдөлмөрчин олон түмний эв хамтын нийгэм байгуулах зам мөрийг гаргаж, энэ нь Монголын ард түмэнд хоёр дахь болох түүхэн хувь заяаг олгосон байв. МАН-100 жилд, хамжлагат ёсыг халах, ардын аж ахуйтан, хамтрал коммун, мал аж ахуйн машинт станц, гар үйлдвэрлэлийн артель, хоршоолол, нэгдэл, сангийн аж ахуй, аж үйлдвэржүүлэлт, ардын боловсрол, эрүүл мэнд, соёл-урлаг, батлан хамгаалалтын бүтээл байгуулалт, 1939, 1945 оны эх орны дайн, зөвлөлт анд нөхдийн халуун нөхөрлөл тусламж, ах дүү орнуудын хамтын ажиллагаа, дэлхийн шинжлэх ухаан-техникийн асар их ололт дэвшил-атом цөм, амьд байгалийн эс, сансар- орчлонгийн нууцыг эзэмших агуу их үйлс, бүтээн байгуулалтыг үе үеийн хүмүүстэй хамтран бүтээж, аж төрж иржээ. Тэгээд зогссонгүй, социализмын өрнүүн хөгжил, Горбачёвийн өөрчлөн байгуулалт, түүний мөхөл уналт, нийгмийн задрал бутрал, зах зээл, арьдчилал, хөрөнгөтний либерализм, хувь хүний замбараагүй эрх чөлөө, төрөөр дүүрсэн авлигачид, улсыг цөлмөсөн хулгайчид гээд, ер нь энэ, тэр нь юу болох нь мэдэгдэхгүй болох шахаад байтал, хүмүүн төрөлхтний тавилангаар хиймэл оюун ухаан, өндөр технологийн эрин үетэй учран золгох том хувь заяаг олжээ.
Эх орныхоо нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх нь МАН-ын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь ямагт байжээ. Тэрчлэн МАН цаг ямагт ард түмэнтэйгээ хамт байсанд, түүний ялалт, амжилтын хүч чадал нь оршсоор иржээ. 1990 он гэхэд, улс ардын аж ахуйн салбарын ажиллагсдын 75.8 хувь нь материаллаг үйлдвэрийн салбарт, 24.2 хувь материаллаг бус үйлдвэрийн салбарт ажиллаж байжээ. Тус улсын төв, хөдөөд 879 томоохон үйлдвэр, аж ахуйн газар ажиллаж, дан ганц бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл ноёрхож байсан манай улс хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон болж, улмаар аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох зорилт дэвшүүлэн өрнүүн амжилтад хүрчээ. Улаанбаатар, Дорнод, Эрдэнэт, Дархан, Хөтөл зэрэг аж үйлдвэрийн томоохон төв байгуулагджээ. Улс ардын ахуйн бүх салбарт машинт үйлдвэрлэл өргөн нэвтэрсэн байна. Монгол Улсад техник мэргэжлийн 37 сургуульд 22.1 мянга, тусгай мэргэжлийн дунд 25 сургуульд 18.7 мянга, долоон их, дээд сургуульд 23.2 суралцагчид жилд дунджаар суралцан, тэднийг бэлтгэж иржээ. Энэхүү үйлдвэрлэлийн их бүтээн байгуулалт, машинт үйлдвэрлэлийн материал-техникийн бааз нь ардчилал, зах зээлийн их шуурганд сүйтгэгдэн, төмрийн хогонд ачигдаж, амь тэмцэн үлдсэн цөөн хэд нь одоо ч гэсэн Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрсээр байна. 1990 оны өмнөх жилүүдэд ХАА-н салбарт САА-49, Тэжээлийн аж ахуй 13, ХАА-н нэгдэл 255, үүнээс нэгдэл дундын үйлдвэр 17, Нэгдэл дундын хоршоолол 11 ажиллаж байжээ. Хөдөөгийн намын байгууллагууд таван жилийн төлөвлөгөөт зорилт, мал сүргийг өсгөх, төл хүлээн авах, бойжуулах, сүү, цагаан идээ, цөцгийн тос, мал, мах, арьс шир, ноос үс бэлтгэн нийлүүлэх, отор-нүүдэл, хадлан тэжээл, зоо-мал эмнэлгийн 13 төрлийн ажил, малчид, төлчдийн сургалт, ухуулга-сурталчилгаа, боловсон хүчний мэдлэг, сахилга хариуцлага, социалист уралдаан гээд аж ахуй, зохион байгуулалт, үзэл суртлын өргөн хэмжээний ажлыг хариуцаж, цаг наргүй бүтээлчээр ажилладаг байв.
МАН-ын түүхэн гавьяаны нэг нь Монголын орчин үеийн сэхээтнийг төрүүлэн өсгөж бой­жуулсан явдал юм. Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг гээд нийгмийн амьдралын бүх салбарт өндөр мэргэжлийн үе үеийн боловсон хүчийг бэлтгэн гаргаж иржээ. Тэдгээр нь нийгмийн амьдралыг соён гэгээрүүлэх, эрдэм мэдлэг түгээх, хувьсгалт болон ардчилсан зорилтуудыг шийдвэрлэхэд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж иржээ. Мөн улс ардын аж ахуйд мэргэжилтэй болон мэргэжсэн олон зуун ажиллагсдыг бэлтгэн гаргасан байна. Монголын сэхээтний эгнээнээс олон арван алдар цуутнууд төрөн мэндэлжээ. Гэсэн ч түүхийн гашуун үнэн бол Монголын сэхээтнүүд хэлмэгдүүлэлтийн хар шуурганд удаа дараа өртөж ирсэн явдал юм. Ардчиллын үед ч энэ байдал тойрсонгүй, өнөөгийн цаг үед ч давтагдсаар байна.
1990 оны ардчилсан хувьсгал нь хүн төрөлхтний нийгмийн шинэ дэвшлийн илрэл байлаа. Азид Япон, Европт Герман зэрэг улс орнуудад, аж үйлдвэрлэлийн гурав дахь хувьсгал буюу иж бүрэн электронжуулалтын үе эхэлж, өнөөгийн хиймэл оюун ухааны үр соёолж байв. Капитализм, социализмын нүсэр том машинт үйлдвэрлэлийн материал-техникийн бааз сөхрөн унаж, түүнийг тогтоон барьж байсан захиргаадалтын засаглал задран, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний шинэ давлагаа даян дэлхийд өрнөж иржээ. Машинт үйлдвэрлэлийн техинологийн дэвшлийн гурав дахь шатны хувьсгал-иж бүрэн электронжуулалтыг япончууд тэргүүлсэн нь хүн төрөлхтний хөгжилд гайхамшгийг бүтээж байсан юм. Манайд 1990 оны эхэн үеэр ардчилсан хөдөлгөөн бүх нийтийг хамарч, оргил үедээ хүрсэн. МАН-ын Удирдах зөвлөл огцорч, Үндсэн хуулиас “МАН-ын удирдан чиглүүлэх үүрэг”-ийг хаслаа. Санхүүжилт зогсож, төн удалгүй намын байгууллагыг үйлдвэрийн биш, нутаг дэвсгэрийн харьяаллаар зохион байгуулав. Олны сэтгэл санаа оволзож, энд тэндгүй хурал, цуглаан, уриа лоозон, улс төрийн өлсгөлөн зохион байгуулагдаж, ялангуяа нэлээд хийрхсэн хэсэг, зарим залуучууд дотор “Алуурчин, дарангуйлагч МАН-ыг устгая” гэж уриалж байв. Төв, хөдөөд 60 гаруй орон тооны ажилтантай байсан, аймгийн намын байгууллага дарга, хоёр ажилтантай үлдэв. Нутаг-дэвсгэрийн зохион байгуулалтад шилжих ажлыг нэн тэргүүнд хийх хэрэгтэй болов. Гишүүдээ алдчихвал, нам мөхөлд хүрнэ гэсэн үг. Энэ ажлыг намын гол хүч болж байсан сэхээтнүүд, үйлдвэрийн ажилчин анги, хөдөөгийн малчид маш нягт хүрээлсэн юм. Олон хүний хөөрөн дэвэрсэн сэтгэл хэцүү. Гэсэн ч ямарч хэлмэгдүүлэлт болоогүй, энэ бол тэр үеийн ардчиллын төлөө зүтгэж байсан залуусын гавьяа юм. Шинэ Үндсэн хуулийн дагуу явуулсан 1990 оны УИХ-ын анхны сонгууль бол МАН-ын орших, эс оршихыг шийдвэрлэх мөч байлаа. МАН улсын хэмжээнд үнэмлэхүй ялалт байгууллаа. Үүнд, нөлөөлсөн олон хүчин зүйлийн дотроос, алт, диллерийн гэх мэт, урьд нь нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдож байгаагүй гэмт хэргүүд, ардчиллын зарим удирдлагын балмад байдал, үг яриа нь олны эгдүүцлийг огцом хүргэсэн билээ. Ялалтын дараах жилүүдэд аймгийн ЗДТГ хорь гаруй хүнтэй, ИТХ-ын дарга нь орон тооны бус, нарийн бичгийн дарга нь ганц хүн орон тоогоор ажилладаг байв. Ингээд өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараар, үйлдвэр, аж ахуйн газар хувьчлагдаж, мал сүрэг хувийн өмч болж, урд хөршийн хил нээгдэж, зэс, гууль, хөнгөн цагаан, төмөр хэдэн мянган тооноор ачигдаж, хүн бүр үүргийн наймаачин, ХЭАА-н эзэн боллоо. Нэг үгээр хэлбэл олны уур амьсгал эерэгдүү байдалтай, тэр үеийн үгээр “лангуу бараагаар, малчны хот хониор” дүүрэв. Гэсэн ч 1996 оны УИХ-ын сонгуулийн дүн санаанд багтмааргүй гарч, МАН түүхэндээ анхны том ялагдлыг хүлээв. Дорнод аймагт УИХ-ын хоёр тойргоос, олны ёжилсноор, “генералын бакал”-д манайх ялж, нөгөө тойрогт С.Зориг агсан ялалт байгуулав. Төв, хөдөөгийн нэлээд тойрогт бид хамтдаа явж, С.Зориг эхлээд “ах нам ярина” гэдэгсэн. Дараа нь “эхлээд ярихлаар, ингээд байхгүй юу” гэж бяцхан шоглоно. Оройн Д.Дагвасүрэн гуай тэр хоёр буудалд шатар тоглоно. Цуглаанд хэн нэг нь ямар нэгэн оволзсон байдал гаргавал, сонгогчид нүдний харц, дууны өнгөөр эгдүүцэн, өөрийн, хүний гэхгүй нам болгож байв. Энэ үед намын удирдлагаас “Төв ёсны” сургаалыг баримталж, ялалт, ялагдалд аяс нам хандаж, эв эеийг гадна, дотроо хичээх нь чухлыг түгээснээр, цагаа онож, нүдээ олсон ач тус өгснийг өгүүлье.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн УИХ, Засгийн газар тав жил гаруйн хугацаанд 30 жил байгаагүй бүтээн байгуулалтын их ажлыг хийж, шударга ёсны төлөө тэмцлийг тууштай эхлүүлж, зарим үр ашгийг нь олон түмэндээ зориулав. Үүний ихэнхийг монголчууд, түүний дотор залуучууд бүтээсэн нь үнэхээр гайхамшигтай үйлс бөгөөд бидэнд хэчнээн их боломж бололцоо байгаагийн илрэл билээ. Манайх шиг нийгэм-эдийн засгийн ийм хүнд байдалд орсон улс орнууд, наад тал нь 12 жил, 16-20 жилийн улс төрийн тогтвортой бодлого, манлайллыг хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг байна. Одоогийн төр, засгийн удирдлага удаан хугацаанд тогтвортой ажиллах нь эх орны хөгжлийн зайлшгүй хэрэгцээ, шаардлагаас урган гарч байна. Улс төрийн өнөөгийн тогтвортой байдлыг хангахад энэ оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль маш чухал нөлөөтэй.
Энэ цаг үед юуны өмнө хөдөө нутгаа хөгжүүлэх нь хүн амын ажил эрхлэлтийн тэргүүн шугам юм. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн өнө эрт дээр үеэс Монголын малчин ард түмэн бэлчээрийн газраа эзэмшин ашиглах маш эрхэмсэг ариун ёс, уламжлалыг баримтлан өдий хүрчээ. Ардын хувьсгалын коммунист байгуулал, ардчилсан хувьсгалын чөлөөт зах зээлийн үед, нүүдлийн малчин ард түмний бэлчээрийн газраа эзэмших энэхүү түүхэн харилцааг тухайн улс төрийн нөхцөл байдалд тохируулан, янз бүрээр эвдлэн сүйтгэж ирсэн ч, өнөө үед сүүлчийнх нь байж болох амь тасрах тэмцэлдээ өртөөд байна. Ардчилсан хувьсгалаар эхэлсэн газрын наймаа, тухайлбал, байгалийн баялгийн, барилга орон сууцны, газар тариалангийн, малын бэлчээр болон хадлангийн газрыг бүхэлд нь нөмөрч, газар эзэмших, ашиглах төрийн эрх мэдлийн төлөөх нам, эвслийн болон янз бүрийн бүлэглэлийн нэрийн доорх тэмцэл тасралтгүй явагдаж, эх орон, ард түмний амьдралд аймшигт хар мөрөө үлдээсээр байгаа гашуун үнэнийг өнөөдөр ч Монголын ард түмэн амссаар байна. Бэлчээрийн газар эзэмшил нь нүүдлийн малчин ард түмний оршин тогтнох үндэс юм. Энэхүү амин зорилтыг хэрэгжүүлэхдээ, малчин өрх айлын өвөлжөө, хаваржааны газар нь уг өрх гэрийн хувийн эзэмшилд байх эрхийг хуулиар хугацаагүй олгох. Дээрх эрхийг зөвхөн хоёр тохиолдолд улсын мэдэлд буцаах буюу шилжүүлэх. Үүнд,
1/ Уг иргэн нас барсан тохиолдолд, түүний өөрийн гэрээслэлийн дагуу зөвхөн гэр бүлийн хүн, төрсөн хүүхдэд нь шилжүүлж болно.
2/ Дээрх эрх зүйн харилцаа үүсээгүй тохиолдолд уг газрыг улсын мэдэлд буцаана. Монгол Улсын иргэн бүхэнд бэлчээр эзэмшлийн газар олгох энэхүү эрхийг, цаашид Монгол Улсын аливаа хууль тогтоомжоор цуцлах, шилжүүлэх эрхийг төрийн аль ч шатны байгууллага эдлэхгүй байхаар хуульчилна. Энэ нь монголчуудын бэлчээрийн газрыг дархлан хамгаалдаг, уламжлалт нүүдлийн мал аж ахуйн сонгодог арга ажиллагааг, орчин үеийн хиймэл оюун ухаан, өндөр технологитой хослуулан ашиглаж, бэлчээрийн болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөдөлмөр зохион байгуулалт, малчдын суурьшил, хөдөлмөр эрхлэлтэд соёл-иргэншлийн дэвшилтэд эргэлт гаргахад чиглэгдэнэ.
Намуудын бүх шатны удирдах байгууллагын бүрэлдэхүүн нь төр, засаг, захиргаа болон эдийн засгийн эрх мэдэлтний давхаргаас бүрдэж байна. Удирдлагын тооны байнгын өсөлт нь зүгээр тоо биш, намаар дамжин төрд бугшдаг бүлэглэлүүдийн өрсөлдөөний өсөлт юм. Иймээс намынхаа 100 жилийн ойгоор намын дүрэмд өөрчлөлт оруулж, намын байгууллагын бүх шатанд авлигаас ангид намын удирдах бүрэлдэхүүнийг бий болгох нь энэ тэргүүний зорилт болж байна. Энэ удаагийн намын их хурлын төлөөлөгчдийг албан тушаалын бус бүрэлдэхүүнээр дийлэнх олонхыг сонгож, намын удирдах зөвлөлийг 15 гишүүн, намын бага хурлын бүрэлдэхүүнийг 99 гишүүнээр тогтоож, албан тушаалын бүрэлдэхүүнийг 20-25 хувиас хэтрүүлэхгүй байж, бусад бүрэлдэхүүнийг намын жирийн гишүүдийн төлөөллөөс сонгоё.
Даян дэлхий үлгэрийн юм шиг өөрчлөгдөж байна. Амьдрал бүхэлдээ дижитал хэв маягт шилжлээ. Иймд хөдөө нутгийг хөгжүүлэх их үйлсэд ажиллах хүчний шилжүүлэлт хийж, тухайлбал, Улаанбаатарын төвлөрлөөс 300.0, үйлдвэр-үйлчилгээний салбараас баялаг бүтээх салбарт 300.0, төр, захиргааны цомхтголоос 70.0, гадаадаас 200.0 мянган иргэдээ тус тус татан оролцуулж болох байна. 1764 оноос, Англи оронд анхны машинт үйлдвэрлэл бий болж, хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн шинэ үе эхэлж, өнөөгийн нийгэм-улс төрийн харилцааны түүх үүсчээ. Хүн төрөлхтний түүхэн дэвшлийн энэхүү шинэ эрин үетэй, Монголын ард түмний 1911, 1921, 1990, 2020 оны хувьсгалт тэмцлийн түүх нь салшгүй холбоотой, нийтлэг нэг ач холбогдолтой, үргэлжилсэн үйл явц юм. Монгол Улсын Засгийн газар “Цахим Монгол” хөтөлбөрийг дэвшүүлж байгаа нь зоримог хийгээд, бахархалтай зөв алхам билээ. МАН, эх орондоо XIX, XX зуунд хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн аж үйлдвэрлэлийн шатыг байгуулсан бол, XX, XXI зуунд нийгмийн дэвшлийн цоо шинэ шат, хиймэл оюун ухааны эрин үеийг байгуулах түүхэн зорилтыг хэрэгжүүлж, өөрийн түүхийн нэгэн зууныг үдэж, нэгэн зуун жилээ угтан авч байна. МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан, миний сайхан эх орон, Монголын сайхан ард түмэн үеийн үед мандан бадрахын ерөөл дэвшүүлье.
 
Ч.Доржпалам
/Дорнод аймаг, Хэрлэн сумын I баг/
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.