Мэдээ мэдээлэл
ТА НАРЫГ МАРТАХГҮЙ
Аавтай минь хамсаж намайг хүн байхын учир таниулсан, 80 гарсан насандаа тэнгэрт заларсан хоёр сайхан хүнээ дурсмаар санагдав. Гомбын Энхээ, Жулын Дүгэржав гэх энэ хоёр эрхэм Монголын хөх тэнгэр, үржил шимт хөрс дээр саяхныг хүртэл ажиллаж, амьдарч байлаа. Тэд өнөөдөр бие нь байхгүй ч хийсэн бүтээсэн, үйлс, хэлсэн ярьсан үг, төрүүлж өсгөсөн үр хүүхэд нь үлджээ. Тэд МАН-ын нэр төртэй бүлээн дулаан, бүтэн нэртэй сайн үйлстэн байж дээ.
Намайг залуухан ахуйд л Монголын ХАА-н салбар аймаг сумдын түвшинд нам төрийн нүсэр ажлыг гардан хийж, ээдрээ төвөгтэй, овоорсон их дуусашгүй ажлын эхээр нь орж, адгаар нь гарч, шинийг санаачилж, бүхний манлай болж, эх орныхоо хөгжлийн олон үе шат бүхэнд бие сэтгэл, зүтгэл хөдөлмөрөө зориулсан тухайн цагийн гарамгай үйлстэн явж, зөв үйлстэй, зөөлөн ааштай, алсын хараатай, амьдрал мэддэг гавьяат хүмүүсийн тухай дурсамж өгүүллээ тэрлэж үлдээе гэх бодол миний сэтгэлд олон жил хадгалагдан явсан юм. Энэ нь МАН-ын цаг үеийн нэрт зүтгэлтэн, төр намын удирдах дарга нар, улсын хөдөө аж ахуйг хөгжүүлэх үйлсэд манлай нь болж явсан шилдэг хоёр хүний тухай дурсамж билээ.
Тэдний тухай бүрэн бичиглэе гэвэл тэмдэглэл найруулал, амьд баатартай тууж бичсэн ч багадах намтар түүх бүтээсэн хүмүүс байлаа. Хэн хэн нь Халхын гол, Хайлааст манхан, Дорнод Монголын хилд эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалан байлдаж явсан ахмад дайчид байсан юм. Цэргийн албаа таван жил хаагаад ирсэн, эрч хүч төгс залуус нутгийнхаа сор сайхан бүсгүйчүүд болох Биньеэн Түнсээ, Зулын Дарьжав нартай гэр бүл болж улмаар Г.Энхээ тав, Ж. Дүгэржав 17 үр хүүхэд төрүүлж боловсролтой, хүмүүжил ёс зүйтэй, эх орондоо хэрэгтэй хүмүүс болгон өсгөсөн байдаг юм. Энэ хоёр хүн эх орныхоо социалист бүтээн байгуулалтын үйлсэд үнэнчээр зүтгэн хөдөлмөрлөж Г.Энхээ нам төрийн нэрт зүтгэлтэн, МАН-ын хорооны дарга, Ж.Дүгэржав ХАА-н салбарт он удаан жил сум нэгдлийн даргаар ажиллаж, залуу үеэ халамжлах эх орны ХАА-н хөгжлийн бүх үе шатанд томоохон үүрэг биелүүлж, их үйлс бүтээсэн, хамт олондоо нэр хүнд олсон МАН-ын ахмад зүтгэлтнүүд байлаа. Намайг Сагил сумын ХЗЭ-ийн хорооны даргын ажилд зүтгэж байхад Г.Энхээ сумын намын хорооны дарга олон жил хийсэн, нам төрийн шалгарсан ахмад ажилтан, хүнтэй ажиллах арга барил, хүнийг соён гэгээрэлд хүргэх ажлын мастер болчихсон хүн байлаа. Бидний үе энэ хүний өндөр шаардлага, хариуцлагатай байдлаас нь их зүйл сурч, үүрэг даалгаврыг нь ягштал биелүүлж явсны үр шим амьдрал, ажлын явцад минь тусгалаа олж, туушдаа тэвчээртэй, зүтгэлтэй зөвхөн хүний төлөө гэх сэтгэлийг дэврээсэн сургамжтай сайхан хүн байсныг нь дурсахад таатай байдаг. Г.Энхээ дарга хүнтэй тулж ажилладаг, ямар ч хүнээр ажил хийлгэж чаддаг, залхуурах назгайрахыг үздэггүй, хөдөлмөрч, өөрөө үлгэр жишээч сайхан хүн байсан юм.
Ж.Дүгэржав бол элэг бүтэн 17 үр хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ төр намдаа он удаан жил зүтгэж, Монгол Улсын Гавьяатын энтэй, ХАА-н салбарын нэр төртэй удирдах ажилтан явж, нэгдлийн даргаар ажилласан хугацаандаа ЗХУ болон дотоодод Намын дээд сургуулийн боловсролтой болж, гүн ухааны сургаал номыг бараг тархиндаа хийсэн социализм, коммунизм, капитализмын онолын том ухааныг гүнээ эзэмшсэн, тухайн нийгэмдээ зах зээлийн нийгмийг хоршоолох хөдөлгөөний замаар хөгжүүлэх их үйлсэд манлайлж явсан, төр шашин, одон зурхайн онолыг гүнээ эзэмшсэн, ажил амьдралын их сурц туршлагатай агуу хүн байсныг тэмдэглэн хэлэхэд үг багадмаар санагддаг билээ.
Бидний үеийнхэн энэ хоёр хүнтэй хамтарч ажилласан тэр он жилүүдийг хэзээ ч үл мартахгүй сайхан дурсамж тод үлдсэн билээ. Г.Энхээ, Ж.Дүгэржав нар МАН-ын түүхэнд үлдэх тод тодруун түүх бүтээсэн, ахмад үеийн гарамгай үйлстэн, тухайн нийгмийн нэр төртэй сэхээтэн удирдагчид байсны зэрэгцээ тэдний хөдөлмөр зүтгэл, бүтээл, ажлын арга барил хүнд хандах хандлага, түмэнд түгээж дэлгэрүүлсэн суртал номлол, ахуй уламжлалыг залуу хойч үе нь өдий болтол үл мартан залгамжилж яваа нь тэр хүмүүсийн бидэнд өвлүүлсэн алсын ухаан, асар их хайр халамж, цаг үе, үрийн үрд бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн хадгалагдаж тэд одоо ч амьд сэрүүн байгаа мэт санагддагийг хэлэх нь зүйтэй болов уу. Тэнгэрт таалагдсан гайхамшигт энэ хоёр хүн гавьяат үйлс бүтээж, олон хүний ажил амьдралын зам мөрийг чиглүүлж явсан сайхан хүмүүс байлаа. Та нарыг бид мартахгүй ээ.

Ц.ЯДАМСҮРЭН
/Сэтгүүлч/
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.