Мэдээ мэдээлэл
С.Жавзандулам | МИНИЙ НЭГ ӨДӨР
eNAM аппликейшн-ы эрхлэн гаргадаг "Миний нэг өдөр" ярилцлагын буланд Монгол Ардын Намын Сан хөрөнгийн газар, Үйлчилгээний ажилтан С.Жавзандулам оролцлоо.

Овог нэр: Самбуугийн Жавзандулам
Байршил: Улаанбаатар
Албан тушаал: Сан хөрөнгийн газар, Үйлчилгээний ажилтан




1. Та ажлын нэг өдрөө хэрхэн эхлүүлдэг вэ?

Өглөө ажилдаа 8 цагт ирээд өрөөнүүдийнхээ цэвэрлэгээгээ эхэлдэг. Хэрэв зааланд ямар нэг үйл ажиллагаатай бол заалаасаа эхэлж цэвэрлэдэг.
 
2. Та юунаас урам зориг авдаг вэ?
Ажлаа сайн, чанартай хийсний дараа сайхан байдаг. Ажилд ороод 20-иод жил ажиллахдаа ажил чинь хангалтгүй байна гэсэн үг сонсож байгаагүй дээ баярлаж, урам зориг авдаг.




3. Таны ментор хэн бэ?
1996 онд намд ажилд орсноос хойш үе үеийн олон чадварлаг дарга нартай ажилласан. Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Амарсанаа даргаас их үлгэр дуурайлал авдаг байсан. Одоо харин Сан Хөрөнгийн Газрын Г.Бат-Эрдэнэ даргынхаа удирдлагад ажиллаж аливаа зүйлд эерэг хандлагаар ханддаг нь мундаг санагддаг.



4. Хэрэв та ментор бол таны суралцагч таниас ямар чадварыг сайн суралцах вэ?
Шударга, хийсэн ажилдаа эзэн байх юмсан гэж боддог. Хамт ажилладаг хүмүүс маань таниас эдгээр чанарыг сурсан шүү гэж хэлдэг.



5. Та биедээ авч явдаг юм уу ажлын өрөөнд тань тань байнга байдаг зүйл юу вэ?
Л.Амарсанаа дарга элчин сайдаар явахдаа надад Төрийн сүлдтэй сувинер бэлэглэж байсан. Надад их энергитэй санагддаг учраас одоог хүртэл нандигнан хадгалдаг.



6. Өдөрт заавал цаг гаргаж хийдэг зүйл тань юу вэ? /ажлаас бусад/
Өдөрт заавал тухайн өдрийн сонин уншихыг хичээдэг. Мөн заримдаа хатгамал хийх дуртай.
 
7. Энэ ажлыг хийгээгүй бол хаана ямар ажил хийж байх байсан бол?
Энэ ажилд орохоосоо өмнө 1985 онд аравдугаар ангиа төгсөөд гутлын үйлдвэрт орж 1995 он хүртэл ажилласан. Магадгүй тэр чиглэлээрээ ажиллах байсан байх аа.



8. Хамгийн анх хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?
Анх 1985 онд гутлын үйлдвэрт орж ажиллахдаа тэр үеийнхээр 600-900 төгрөгийн цалин авдаг байсан. Гутлын үйлдвэрт ажиллаж байхад төлөвлөгөө нормоо биелүүлэх, сайн чанарын гутал хийсэн бол урамшуулал, хүнд хортой нөхцөлтэй ажлын байр учраас цалингийн нэмэгдэл тооцогддог байсан.
 
9. Таны хариуцдаг чиг үүрэг юу вэ?
Ажил хүнийг хүнийг голохоос хүн ажлыг голохгүй ээ гэж боддог оо. Хариуцсан ажилдаа эзэн байж өрөө, тасалгаа, заалаа цэвэрхэн байлгах бол миний үүрэг.
 
10. Та намд хэдэн жил ажиллаж байна вэ?
Гутлын үйлдвэр хувьчлагдсаны дараа хүмүүс ихээр ажилгүй болсон. Тэр үед намд энэхүү ажлын байрны орон тоо байгааг сонсоод ажилд орсноосоо хойш улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын Намдаа тасралтгүй 25 жил ажиллажээ.
 
Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе. Хэлэхийг хүссэн зүйл байна уу?
Би намд ажилд орсондоо их баярладаг. Анх ажилд орсон цагаас эхлэн өдийг хүртэл мундаг хүмүүсийн удирдлага дор ажиллаж мөн сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа үргэлж баяртай байдаг. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсъе.

Танд баярлалаа..


 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.