16 дугаар зүйл. Намын дээд байгууллагын тогтолцоо
16.1. Монгол Ардын Намд удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал, төлөөллийн төв байгууллага нь Монгол Ардын Намын Бага хурал байна.
17 дугаар зүйл. Намын Их хурал, түүний бүрэн эрх
17.1. Ээлжит Их хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулна.
17.2. Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана.
17.3. Намын Их хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно.
17.4. Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
17.4.1. намын дүрэм, Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), Хяналтын Ерөнхий Хорооны дүрмийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
17.4.2. намын Бага хурал, Хяналтын Ерөнхий Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх;
17.4.3. Монгол Ардын Намын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах.
18 дугаар зүйл. Намын Их хурлын хуралдаан
18.1. Намын Их хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол Их хурлыг хүчинтэйд тооцно.
18.2. Намын Их хурлыг түүнээс сонгогдсон тэргүүлэгчид удирдана.
19 дүгээр зүйл. Намын ээлжит бус Их хурал
19.1. Намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсхүл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна.
19.2. Монгол Ардын Намын дарга намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах саналыг Бага хуралд оруулах эрхтэй бөгөөд Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл ээлжит бус Их хурал хуралдуулах шийдвэр гаргана.
19.3. Энэ дүрмийн 19.2-т зааснаар намын ээлжит бус Их хурлыг хуралдуулахад 17.3-т заасан журмыг баримтална
19.4. Намын ээлжит бус Их хурал нь энэ дүрмийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдэлж, хуралдааныг 18 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.
20 дугаар зүйл. Намын Бага хурал, түүний эрх, үүрэг
20.1. Намын Их хурал намын Бага хурлыг 369 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулна. Бага хурлын гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны дэд даргаар сонгогдож томилогдсон гишүүдийг оролцуулан нэр дэвшүүлж саналыг нууцаар хураана. Бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
20.2. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны дэд дарга өөрчлөгдвөл түүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлж, оронд нь сонгогдож, томилогдсон гишүүнийг намын Бага хурлын гишүүнд нэр дэвшүүлж энэ дүрэмд заасан журмын дагуу сонгоно.
20.3. Намын Бага хурал дараах эрх, үүрэгтэй байна:
20.3.1. намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох;
20.3.2. УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, Монгол Ардын Намаас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх;
20.3.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ- ын болон орон нутгийн сонгуульд “Эвсэл” байгуулж оролцох шаардлагатай гэж үзвэл энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;
20.3.4. УИХ-ын Сонгуулийн үр дүнд “Эвсэл”- ийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;
20.3.5. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах;
20.3.6. намын Удирдах Зөвлөлийг байгуулж ажиллуулах, түүний тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;
20.3.7. намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох;
20.3.8. намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгох;
20.3.9. намын Их хурлын чөлөөт цагт намын Бага хурлын бүрэлдэхүүнд орон гарвал нөхөн сонгох:
20.3.10. намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журмыг тогтоох;
20.3.11. намын бодлогын тодорхой асуудлаар намын хэмжээний хэлэлцүүлэг явуулах;
20.3.12. намын шагнал бий болгох, түүнийг олгох журам, батлах.
20.3.13. намын Их хурлын чөлөө цагт дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэхүү өөрчлөлт нь намын бүтэц, зохион байгуулалттай холбоотой болон намын дотоод ардчилал, эв нэгдэлд сөргөөр нөлөөлсөн, гишүүдийн эрх тэгш байдлыг алдагдуулсан, эрхийг хязгаарласан байхыг хориглоно.
20.3.14. намын хүний нөөцийг бүрдүүлэх шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг батлах
20.4. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө.
20.5. Жигүүр нь намын нэгдэл, зохион байгуулалтад хохирол учруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу өөрөө хүсэлт гаргавал Монгол Ардын Намын Бага хурлаас татан буулгана.
21 дүгээр зүйл. Бага хурлын хуралдаан
21.1. Намын Бага хурлын ээлжит хуралдааныг жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулна.
21.2. Намын Бага хурлын хуралдааныг Монгол Ардын Намын дарга, намын Удирдах Зөвлөлийн санаачлагаар, эсхүл намын Бага хурлын гишүүдийн гуравны нэг шаардсанаар зарлан хуралдуулж болно.
21.3. Намын Бага хуралд намын гишүүдийг урилгаар оролцуулан Бага хурлын хуралдааныг өргөтгөн хийж болно. Удирдах Зөвлөл намын Бага хурлын хуралдаанд урилгаар оролцох гишүүдийн тоог тогтооно.
21.4. Намын Бага хурлын хуралдааныг түүнээс сонгогдсон дарга, орлогч дарга удирдана.
21.5. Нийт гишүүдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол намын Бага хурлыг хүчинтэйд тооцно.
22 дугаар зүйл. Монгол Ардын Намын Бодлогын хороо
22.1. Намын Удирдах Зөвлөлийн дэргэд Үндэсний хөгжил; боловсрол, соёл, залуучууд, гэр бүл, эрүүл мэнд; нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт; байгаль орчин, хөдөөгийн хөгжил; хууль эрхзүйн зэрэг асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий Бодлогын хороод ажиллаж болно.
22.2. Бодлогын хороо өөрийн эрхлэх асуудлыг тогтмол судалж, санал боловсруулж намын Удирдах Зөвлөлд оруулна.
22.3. Бодлогын хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, ажиллах журмыг намын Удирдах Зөвлөл батална.
23 дугаар зүйл. Намын Бага хурлын гишүүний эрх, үүрэг
23.1. Намын Бага хурлын гишүүн дараах эрх, үүрэгтэй.
23.1.1 Намын Их хурал, Бага хурлаас батлан гаргасан намын бодлого, шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах ажилд биечлэн оролцох;
23.1.2. НАШБ-д намын ажлын зохион байгуулалтын туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
23.1.3. Бодлогын хороонд ажиллах;
23.1.4. намын залуу гишүүдийг намын ажилд сургаж, бэлтгэх;
23.1.5. Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийн ажилд биечлэн оролцож, ажлын тайланг намын сонгуулийн Төв байгууллагад хүргүүлэх.
23.1.6. Харьяалагдах аймаг, нийслэл, дүүргийн намын хороонд жил бүр Бага хурлын гишүүний хувьд ажлаа тайлагнах бөгөөд энэхүү тайлангаа дараа оны эхний улиралд багтаан намын Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар /ажлын алба/-т ирүүлж байх;
23.1.7. Намын дүрмийн заалт болон гэмт хэрэгт холбогдсон буюу эсхүл хэвлэл мэдээллээр тухайлан шүүмжлэгдэн намын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж, уг асуудлаар Хяналтын ерөнхий хорооноос тайлбар хүссэн тохиолдолд Бага хурлын гишүүний хувьд намын Хяналтын ерөнхий хороонд хариуг шуурхай өгч байх;
23.1.8. Намын Бага хурлын гишүүнээс дараах тохиолдолд намын Хяналтын ерөнхий хорооны дүгнэлт гарч, намын Бага хуралд оруулан танилцуулснаар Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн шийдвэр гарсанд тооцно;
23.1.8.1. Намын Бага хурлын гишүүний татвараа дөрвөн улирал төлөөгүй бол;
23.1.8.2. Бага хурлын хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа оролцоогүй бол;
23.1.8.3. Аймаг, нийслэлийн намын хорооноос энэ дүрмийн 23.1.6-д заасны дагуу тухайн Бага хурлын гишүүний ажлын тайланг авч хэлэлцээд хангалтгүй гэж үзэн Бага хурлын гишүүнээс эргүүлэн татах саналыг гаргасан бол;