Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.11.17/ болсон ахмадуудын уулзалтад оролцож 2027 оны улсын төсвийн талаарх мэдээллийг өглөө.

Ингэхдээ иргэдийн орлого, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тусгасан онцлох заалтуудыг тайлбарласан юм.
Нийт 562 мянган хүний тэтгэврийг 2027.01.01-нээс 10 хувь нэмнэ. Мөн энэ 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс олгож эхэлсэн суурь тэтгэврийг ирэх онд үргэлжлүүлэн бүтэн жилээр олгоно. Ингэснээр 430 мянган ахмад сар бүр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авах юм.

Нийгмийн халамжийн чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмж 122 мянган төгрөгөөр, ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600 мянгад хүргэнэ.
Мөн асаргааны тэтгэмжийг 370 мянга, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний асаргааны тэтгэмжийг 524 мянган төгрөгт хүргэхээр ирэх оны төсөвт тусгажээ.

Мөн иргэдийн татварын ачааллыг бууруулж сарын цалингийн эхний 792 мянган төгрөгт орлогын татвар төлөхгүй. Цаашлаад 2028 оноос 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх цалингийн орлогод нэг хувийн татвар ногдуулахаар зорьжээ.
Ингэснээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ. Нийт нэг сая орчим иргэний татвар, шимтгэлийн ачаалал нэг их наяд төгрөгөөр буурахаар тооцсон байна.

Түүнчлэн 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалингийн сүлжээг 20 хувиар нэмэгдүүлнэ. Энэ шийдвэрт 211.6 мянган төрийн албан хаагч хамрагдах тооцоо гарчээ.

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэд зориулан зохион байгуулсан 37 дахь уулзалтад намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов.







