Тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг зөв санаачилга гэж ахмадууд дэмжиж байна

Админ

2026.06.16
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд гишүүд дэмжигчидтэйгээ хийж буй уулзалт, хэлэлцүүлэг Архангай аймгийн Эрдэнэмандал суманд үргэлжилж байна. 


УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан, Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Гомбодорж, Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал нар Засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажлууд болон МАН-ын стратеги, бодлого төлөвлөгөө, Архангай аймгийн хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх танилцуулгуудыг хийж сумын иргэдийн саналыг сонсож хариулт өглөө. 

Тус уулзалт, хэлэлцүүлэгт Эрдэнэмандал сумын МАН-ын хорооны дарга Б.Энэбиш болон сумын намын хорооны 6 үүрийн нийт 204 гишүүд дэмжигчид оролцож байна. 

МАН-ын гишүүд, сумын иргэдийг төлөөлж Эрдэнэмандал сумын Өлзийт багын иргэн Р.Батбямба миний хувьд олон жил намдаа зүтгэж байна. Би МАН-ын үйл ажиллагааг байнга харж хэвлэл мэдээллээр маш их мэдээллийг авч чаддаг. 
Төв намынхаа удирдлагууд, УИХ-ын гишүүн ирсэнд маш их баяртай байна. Миний хувьд 3 зүйлийн дутагдал байна гэж харж байна. Худал ярьж хүн гүтгэдэг хүнд хариуцлага тооцдог баймаар байна. Үнэн худлааг шийддэг худал гүтгэлэг явуулж буй хэвлэл мэдээллийн сайтуудад хатуу арга хэмжээ авдаг хууль санаачилж хуулийг хэрэгжүүлдэг баймаар байна. Та бүхэн анхаарч ажиллах шаардлагатай. Хөдөөгийн хөдөлмөрч залуу малчин иргэд маш их байна. Харин төр болон иргэд хоорондын харилцаа алсарсан. Иргэд төрдөө үгээ илэрхийлдэг, хаана хэнд хэзээ ч үгээ хэлдэг иргэн байхгүй боллоо. Тиймээс төр иргэн хоорондын харилцаа холбоог сайжруулдаг хардаг байгаасай гэдгийг онцлон захиж байлаа. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Хэрлэн МАН-ын ахмад гишүүн Дондог, Готовхүү нарын гэрээр зочилж МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг дамжуулж настан буурлуудынхаа санал сэтгэгдлийг сонсов. 

МАН-ын ахмад гишүүн Готовхүү: Би 40 жил төрд ажиллаж багш, эрхлэгчээр ажиллаад өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Манай Эрдэнэмандал сумын МАН-ын намын хороо үе үеийн удирдлагууд маш сайхан ажилладаг. Би ч бас хамт маш их ажилладаг байсан. Одоогоор хөл муу хэвтэрт байгаа учир намынхаа ажил арга хэмжээнд оролцож чадахгүй болсон.  Намын дарга Н.Учралын ахмадуудын тэтгэврийн шинэчлэл нэмэгдүүлэх бодлого маш зөв санаачилга болж байна. Бидэнд маш их хэрэгтэй байгаа. Тиймээс цаашид ч дэмжинэ гэдгээ илэрхийлж байна гэв.