А.Цээсодном: Баг, сумын намын гишүүдийнхээ саналыг сонсож байгаад талархалтай байна

Админ

2026.06.21
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан УИХ-ын гишүүн Б.Уянга, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Даланзадгад сумын Монгол Ардын намын хорооны дарга А.Амартөр, дэд дарга Т.Буяндэлгэр, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны Улс төрийн ахлах ажилтан Б.Бат-Эрдэнэ,   Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 20-нд Даланзадгад суманд ажиллав.

Энэ өдөр намын ахмад гишүүн А.Цээсодном, Ч.Цоодол, С.Түвшинтөр нарынхаар очиж, хүндэтгэл үзүүллээ.

Намын ахмад гишүүн А.Цээсодном “Би 1969 оны Монгол Ардын намын гишүүн. Аймгийнхаа Монгол Ардын намын Ахмадын хорооны даргаар ажиллаж байсан. Манай нам хэлсэндээ хүрч, бодлогоо хэрэгжүүлдэг. Би гишүүддээ нэг бүрчлэн уулзах хэрэгтэй гэж ярьдаг хүн. Хөдөө орон нутагт баг, сумын намын гишүүддээ хүрч, саналыг сонсож, хэрэгжүүлж байгаад талархаж байна. Манай нам бол бодлого хэрэгжүүлдэг. Би  ахмадын тэтгэврийн зээлийг хүүлж өгдөг нь буруу гэсэн саналтай байна” хэмээн саналаа хэлж байв.

Монгол Улсын Осолгүй манлай, Онц тээвэрчин С.Түвшинтөр гэргий Г.Цэцэгмаагийн хамт угтан авлаа. Намын ахмад гишүүн С.Түвшинтөр гуай “Засгийн газар Тамхины татварын тухай хууль, Тэтгэврийн шинэчлэлийн хууль гээд сайн хууль гаргаж байна. Залуу хүнийг дэмжиж тууштай ажиллуулах хэрэгтэй” гэж байлаа.

Намын ахмад  гишүүн, Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Ч.Цоодол “40 жил Өмнөговийн боловсролын байгууллагад багшиллаа.  Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан олон жил ажилласан нь илүү өндөр авах тэтгэврийн шинэчлэлийн бодлого зөв” хэмээв.

Түүний гэргий  Б.Оюунсүрэн хашаандаа гүзээлзгэнэ, усан үзэм, алим, чавга, жимсний мод тарьж, ургуулжээ. Шанцай, сонгино, нарийн ногоонуудыг хүлэмжид тарьж байна. Сарнай, голт бор гээд зуны цэцэгс хэдийнээ дэлбээлжээ.