Ахмад гишүүн Д.Дагвадорж: Залуус үзэл бодолдоо үнэнч, тууштай зүтгэх хэрэгтэй

Админ

2026.06.20
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд ажиллах үеэрээ намын ахмад гишүүн  Ч.Насанжаргал, С.Цогбадрах, Д.Дагвадорж нарынд хүндэтгэл үзүүллээ.

Хүрмэн сумын хамгийн өндөр настан Д.Дагвадорж гуай 97 настай. Намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаярыг гэрт нь очиход “Төв намын удирдлагууд хүндэтгэн ирлээ” хэмээн угтсан юм.

Түүний гэргий С.Охиноо насаараа сумынхаа Холбооны газарт эрхлэгч хүртэл нь ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. “Манай Засаг дарга бид хоёрыг орон сууцанд оруулж өгсөн.  Гал түлж, ус авахгүй, дулаан байрандаа сайхан байна” хэмээн гэрийн эзэгтэй ярьж байна. Хүрмэн сумын Засаг дарга Г.Амарбаяр сумынхаа хамгийн өндөр настай хоёр буурлыг орон сууцтай болгох асуудлыг шийдвэрлэжээ.

Намын ахмад  гишүүн Д.Дагвадорж гуай “Би Монгол Ардын намд элсээд 62 жил байна. Монгол Ардын намын дарга Н.Учрал сайн ажиллана гэж найдаж байна. Залуус үзэл бодолдоо үнэнч тууштай, итгэлтэй зүтгэх хэрэгтэй” хэмээн сургаалаа хэллээ.

Мөн хүндэтгэл үзүүлж, санал бодлыг нь сонссон намын ахмад гишүүн Ч.Насанжаргал гуай малчин өрх Ч.Мөнхбатынд 150 хонь өгч, сумын “Энэрэнгүй үйлстэн”-ээр шалгарсан байна.  Ч.Насанжаргал гуай залуу насандаа тууварчнаас сумын  Монгол Ардын намын хорооны орлогч дарга хүртэл албыг хашиж иржээ. Намын ахмад гишүүн Ч.Насанжаргал “Говьд ус хэрэгтэй, усжуулалт тавимаар байна. Тэтгэврийн шинэчлэл болохгүй гээд байсан. Шинэчлэл хийж болдгийг Ерөнхий сайд Н.Учрал харуулж байна” гэлээ.

Харин намын ахмад гишүүн С.Цогбадрах гуай 10 гаруй жил нэг га газарт улиас, голт бор, хайлаас, чацаргана зэрэг мод тарьжээ. Гар усалгаатай худагтай гэнэ. Ойр хавьд гол, ус байхгүй учир зээр, гөрөөс ч ирж ундаалдаг болсон байна.