“Гишүүн төвтэй E4 стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Социал Демократ Ахмадын Холбоо нь намын анхан, дунд гээд шат шатны удирдлагуудын төлөөллөөс бүрдсэн зөвлөхүүдийн танхим байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү зорилтын хүрээнд ахмадын оролцоо, хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.05.08/ нээлээ. Тус төв нь байнгын үйл ажиллагаатай ажиллах юм байна.

Өнөөдрийн арга хэмжээг ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Хишиг” төвөөс зохион байгуулсан бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны ахмадууд оролцлоо.

Нээлтэд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо нар оролцож тус төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Ахмад настны тухай хуульд 2025 онд өөрчлөлт оруулснаар ахмадуудын эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, мөн төр, аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлжээ.






