Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням түлш шатахууны нийлүүлэлтийн талаар ахмадуудад мэдээлэл өглөө

Админ

2026.05.12
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэдээ зориулан Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор 14 хоног тутамд зохион байгуулдаг уулзалтын 28 дахь нь өнөөдөр /2026.05.12/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцож түлш шатахууны импортын өнөөгийн байдал, нөөц, хангамж, агуулах сав, үнэ, тусгай зөвшөөрөл, хэрэглээний талаарх мэдээллийг ахмадуудад өглөө.

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2021 онд 1.8 сая тонн байсан бол 2025 оны гүйцэтгэлээр бараг гурван сая тонн-д хүрч өссөн байна. Энэ нь эдийн засгийн өсөлттэй уялдаж хэрэглээ өсжээ. Тодруулбал, уул уурхай дагаж говийн бүсэд хэрэглээ илүү өссөн хувьтай гарчээ.

Цаашид манай улс түлш, шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, эрсдэлийн үед шуурхай арга хэмжээ авах, нөөцийг нэмэгдүүлэх, шатахуун хадгалах сав, агуулахын хүчин чадлыг өсгөх нь чухал гэж салбарын сайд үзэж байлаа.

Өнөөдрийн байдлаар манай улс өргөн хэрэглээний АИ-92 авто бензин 42 хоног, дизель түлш 30 хоног, АИ-95 авто бензин 71 хоног, онгоцны түлш 33 хоног, газ 44 хоногийн нөөцтэй байгаа аж.

Монгол Улс шатахууны хэрэглээний бараг 100 хувийг импортоор авдаг тул гадаад зах зээл, хөрш орнуудын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай байгааг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцолсон. Иймд тэрбээр  ОХУ-тай шатахууны нийлүүлэлтийн талаарх хэлэлцээг олон удаа хийж, үнэ огцом өсөхөөс сэргийлэх, ханган нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр тасралтгүй ажиллаж буйгаа хэллээ.

Уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов.

Ахмадуудын зүгээс түлш шатахууны үнийг тогтвортой байлгах, нефтийн үйлдвэрийг барьж байгуулах ажлыг бодит болгохыг хүсэж байлаа.