УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, А.Ариунзаяа нар хамтран ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаарх хуулийн төслийг боловсруулж удахгүй өргөн барихаар төлөвлөжээ. Энэ тухайгаа өнөөдөр /2026.05.26/ Тусгаар тогтнолын ордонд болсон ахмадуудын уулзалтад оролцохдоо танилцууллаа.
Энэ нь Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэдээ зориулан Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор зохион байгуулдаг уулзалтын 29 дэх нь юм.
Уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов.

Эхлээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх, шаардлагатай хуулийн төсөл санаачлах ажлын хэсгийн хүрээнд хийсэн зүйлээ товч танилцуулав.
Ахмадуудын талаар хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээ сайжирсан ч гэлээ ахмадын сан байгуулах, гэрээр асрах, сувилах үйлчилгээ үзүүлэх, соёл спортын үйлчилгээ, боловсрол олгох үйлчилгээ, тэтгэврийн зөрүүг арилгах, зээл, санхүүгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох зэрэг асуудал хангалтгүй байгаа талаар ажлын хэсэг үзэж хуулийн хэрэгжилтийг нарийвчлан дүгнэхээр болжээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь товчхон агуулгатай бөгөөд одоогийн хуульд “Аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулна. Тухайн ажилтны хүсэлтээр ажилтан, ажил олгогч талын тэтгэврийн шимтгэлийг төлөхгүй байж болно” гэж заасан ч Нийгмийн даатгалын ерөнхий хуульд “20 жил ажилласан, 65 нас хүрсэн" гэж хязгаарласан тул шинээр төсөл санаачилж байгаа аж.
Тодруулбал, тэтгэвэрт гараад ажил хийж байгаа хүмүүс тэтгэврийн шимтгэлийг өөрийн хүсэлтээр төлөхгүй байж болох эрхийг нээхээр хуулийн төсөлд тусгаж өргөн барихад бэлэн болсон байна.

Ахмадуудын зүгээс тэтгэврийн доод хэмжээг нэмэх, хэт ялгаатай зөрүүг арилгах, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд төр, засаг анхаарах зэрэг санал, хүсэлтийг түлхүү хэлж байлаа.






