Б.Дэлгэрсайхан: Ихтамир сум цахилгаан тасардаггүй, найдвартай хангамжтай болох шаардлагатай

Админ

2026.06.17
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Архангай аймгийн Ихтамир суманд намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар ахлан зохион байгууллаа.

Мөн уг арга хэмжээг Архангай аймгийн SDY-ийн залуучууд болон СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд хамтран зохион байгуулж, иргэдтэй нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтын үеэр иргэд орон нутгийн хөгжил, эрчим хүчний хүртээмж, мал аж ахуйн үйлдвэрлэл, төрийн үйлчилгээний чанар зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл солилцлоо.

Мөн УИХ-ын гишүүн М.Энхцэцэг МАН-ын ахмад гишүүн Г.Бадарчийн гэрээр зочилж, МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын удирдлагуудын мэндчилгээг дамжуулж, настан буурлынхаа санал сэтгэгдлийг сонсов.

МАН-ын ахмад гишүүн Г.Бадарч 1928 онд төрсөн өдгөө 98 настай. Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэл зам нэгдэлд хүний нөөцөөр 40 гаруй жил ажилласан бөгөөд гавьяаныхаа амралтад гарсны дараа сумын ахмадын хорооны даргаар 20 гаруй жил ажилласан. Ихтамир сумынхаа Тайхар багт үр хүүхдийн хамт энх тунх амьдарч байна. Бадарч гуай нягт нямбай, ажилсаг боловсон хүчин хэмээн сумынхаа иргэдэд өндрөөр үнэлэгдсэн буурай. Буурал маань оюун санаа эрүүл саруул, цахим хуудсыг идэвхтэй ашигладаг нэгэн. Архангайн амьдрал сониныг тогтмол захиалж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авдаг гэдгээ ярьж байв.

Ихтамир сумын иргэн Б.Дэлгэрсайхан “Манай суманд цахилгаан эрчим хүчний тасалдал байнга гарч, айл өрхүүдийн өдөр тутмын амьдрал, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг. Иргэд бидний хамгийн их хүсэж байгаа зүйл бол найдвартай, тасралтгүй эрчим хүчний хангамж юм. Эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэчлэл, хөрөнгө оруулалт орон нутагт бодит үр дүнгээ өгөх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Иргэдийн зүгээс эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэх, дамжуулах шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг орон нутагт хөгжүүлэх асуудлыг түлхүү хөндөж байв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг эрчим хүчний хүртээмж, найдвартай байдлыг сайжруулах нь орон нутгийн хөгжлийн чухал нөхцөл гэдгийг онцолж, иргэдийн дэвшүүлсэн санал хүсэлтийг бодлого боловсруулах түвшинд хүргэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон эрчим хүч ба сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр”-ийн бодлого, эрчим хүчний салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

Уулзалтад оролцсон иргэд сумынхаа эрчим хүчний хангамжийг сайжруулах чиглэлээр бодитой шийдвэрүүд хэрэгжихийг хүсэж буйгаа илэрхийлж, орон нутгийн хөгжлийг дэмжсэн бодлого, хөрөнгө оруулалтыг тууштай үргэлжлүүлэхийг хүслээ.