Баруун бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Ховд хотод чууллаа

Админ

2026.10.18
Үйл явдлын мэдээ

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Бүтээлч өсөлт–2026” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Баруун бүсийн чуулган Ховд хотод өнөөдөр /2026.10.18/  боллоо.

Чуулганд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 350 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй оролцож, бизнес эрхлэхэд тулгамдсан асуудал болон бодлогын шийдлийг хэлэлцсэн юм.

Баруун бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганыг нээж СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг үг хэллээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүрэлцэн ирж, Баруун бүсийн бизнес эрхлэгчдийн онцлог, бизнес эрхлэх эрх зүйн орчин болон хөгжлийн боломжийн талаар үг хэлэлцэв.

СДМЭХ-ны 2026–2030 оны W-O-M-E-N таван тулгуурт бодлогын “Opportunity”, “Entrepreneur” чиглэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор бүсчилсэн чуулганыг  зохион байгуулж байгаа билээ. Баруун бүсийн чуулганаар санхүүжилт, зах зээл, мэдлэг, ур чадвар, инновацийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санал, хэрэгцээг бодлого, шийдвэрт тусгахаар ажиллалаа.

Энэхүү зорилтын хүрээнд бүсчилсэн хөгжил, төрийн худалдан авах ажиллагаа, маркетинг, бизнесийн хамтын ажиллагааны илтгэл, хэлэлцүүлгүүдийг хэлэлцлээ.

Тухайлбал: Бүсчилсэн хөгжлийн хүрээлэнгийн Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Өлзийбаяр “Бүсчилсэн хөгжлийн бодлого ба Баруун бүс”, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй бодлого, эрх зүйн мэдээллийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хүргэсэн бол эмэгтэйчүүдийн бизнесийн хөгжлийг амьдралын чанар, гэр бүлийн сайн сайхан байдалтай уялдуулан нийгмийн эрүүл мэнд ба бизнес, Баруун бүсийн хүүхэд, гэр бүлд тулгамдсан асуудал, “Монгол хүний эрдэм” зэрэг илтгэл тавигдлаа.

Чуулганд аймгийн 50 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй бүтээгдэхүүнээ танилцуулан үзэсгэлэн худалдаанд оролцсон юм. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан орон нутгийн эмэгтэйчүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд хүргэх, борлуулалтыг дэмжих, зах зээлийн боломжийг нь нэмэгдүүлэх зорин ажиллалаа.