Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, орон нутгийн иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн шинэчлэл, тэр дундаа тэтгэврийн шинэчлэлийн бодлого, түүний утга учир, ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.
Тэтгэврийн шинэчлэл нь олон жил хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмад үеийнхээ хөдөлмөрийг шударгаар үнэлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, олон жил ажилласан иргэдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, бага тэтгэвэртэй ахмадуудын амьжиргааг дэмжих, тэтгэврийн зөрүүг багасгах нь энэхүү шинэчлэлийн гол агуулга юм.
Мөн уулзалтаар Баянхонгор аймгийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэх, орон нутгийн үйлдвэрлэл, мал аж ахуй, жижиг, дунд бизнесийг тогтвортой эрчим хүчээр хангах боломжийн талаар санал бодлоо солилцлоо.

Энэ хүрээнд Бууцагаан, Бөмбөгөр сумдын заагт, Байдраг гол дээр баригдахаар төлөвлөгдөж буй 30 МВт-ын хүчин чадалтай Байдрагийн усан цахилгаан станцын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Ажлын хэсгийн гишүүд иргэдийн санал, хүсэлтийг анхааралтай сонсож, тэтгэврийн шинэчлэл, эрчим хүч, орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудлуудыг бодлого, шийдвэрийн түвшинд уламжлан ажиллахаа илэрхийллээ.




