Баянговь сумын иргэд малчдын нийгмийн даатгал, байгалийн баялгийн зохистой ашиглалтын асуудлыг хөндлөө

Админ

2026.06.19
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар зохион байгуулж буй “Ардын нам -Ард түмэндээ” аян Баянхонгор аймагт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ удаад Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллаж, орон нутгийн намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Баянговь сумын 240 орчим намын гишүүн, дэмжигч оролцож, санал бодлоо нээлттэй илэрхийлэв.

Уулзалтын үеэр иргэд орон нутагт тулгамдаж буй асуудал, малчдын нийгмийн баталгаа, байгалийн баялгийн зохистой ашиглалт, уул уурхайн хариуцлагатай бодлогын талаар байр сууриа хуваалцлаа.

Тухайлбал, иргэн С.Түмэн малчдын нийгмийн даатгалын нөхөн төлөлттэй холбоотой асуудлыг хөндөж, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр бодитой шийдэл шаардлагатай байгааг уламжилсан юм.

Мөн иргэн С.Дорж байгалийн баялгийг хэт их олборлож, үрэн таран хийх бус, зохистой ашиглаж, шаардлагатай үедээ үр өгөөжтэй зарцуулах бодлого хэрэгтэйг онцоллоо. Тэрбээр орон нутгийн иргэд тухайн баялгийнхаа үр шимийг бодитоор хүртдэг байх нь чухал гэдгийг хэлж байв.

Иргэдийн зүгээс уул уурхайн үйл ажиллагаа нь зөвхөн олборлолтоор хэмжигдэх бус, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, ирээдүй үеийн эрх ашигтай уялдсан хариуцлагатай бодлого байх ёстойг хөндөн ярилцлаа.

Ажлын хэсгийн гишүүд иргэдийн санал, хүсэлтийг анхааралтай сонсож, холбогдох асуудлуудыг бодлого, шийдвэр гаргах түвшинд уламжлан ажиллахаа илэрхийлэв.