Биржүүдтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Админ

2026.10.28
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын зүгээс олон нийтийн байгууллага, сонирхлын бүлэг, мэргэжлийн холбоод зэрэг олон талын төлөөлөлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Тодруулбал,  Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо (SDPD) Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр /2026.10.28/ байгууллаа.

SDPD холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Улсболд, Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Нямдаваа нар санамж бичигт гарын үсэг зурав.

Уулзалтад SDPD холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгс, Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Атармаа нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээ, захиалгад нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байртай, орлоготой байлгах, нийгэм дэх оролцоог илүү нэмэгдүүлэхэд талууд анхаарч ажиллана.

Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо нь 2011 онд байгуулагдсан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зөвшөөрөл авсан нийт 63 холбоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.