“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан УИХ-ын гишүүн Б.Уянга, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Даланзадгад сумын Монгол Ардын намын хорооны дарга А.Амартөр, дэд дарга Т.Буяндэлгэр, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны Улс төрийн ахлах ажилтан Б.Бат-Эрдэнэ, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал дээр Н.Учрал дарга “Ардын нам-Ард түмэндээ эргэн ирнэ” гэж хэлсэн. Ард түмэндээ эргэн ирэхийн гол агуулга нь намын анхан шатны гишүүдтэйгээ уулзаж, тэдний саналыг сонсож, бодлого шийдвэртээ тусгахад оршино” хэмээн онцлов.

Ингээд өнгөрсөн 10 жилд Монгол Ардын нам засгийн эрх барихдаа Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт авчирсан, хэрхэн хөгжүүлсэн талаар мэдээлэл өглөө.
2015 онд нэг хүнд ногдох ДНБ 3900 ам.доллар байсан бол 2025 онд нэг хүнд ногдох ДНБ 7200 ам.доллар болжээ. Монгол Улсын эдийн засаг 2015 онд 23 их наяд байсан бол 2025 онд 90 их наяд болж, гурав дахин тэлсэн. Экспорт 2015 онд 4.7 тэрбум ам.доллар байсан бол 2025 онд 16.8 тэрбум ам.доллар болж, дөрөв дахин нэмэгджээ” хэмээн уулзалтад оролцсон намын гишүүд, дэмжигчдэд албан тоонд тулгуурласан мэдээлэл өглөө.

Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 7,619 хоршооны 25,569 малчинд 866.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор малчид, иргэд хамтран хоршоо байгуулж, үйлдвэрлэл эрхэлж байгаа, зарим сумд бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа юм.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлийн 59 хувь нь үржлийн мал худалдан бойжуулах, борлуулах, 13 хувь нь хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах, үйлдвэрлэлийн,11 хувь нь мах, сүү, цагаан идээний техник, тоног төхөөрөмж авахад 10 хувь нь тэжээлийн ургамал тариалах, мал бордох чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулагджээ.
Төрөөс малчдад үзүүлсэн дээрх дэмжлэгийн үр дүнд хөдөө, орон нутагт шинээр 1,160 ажлын байр бий болжээ.
Мөн малын үүлдэр 60 орчим хувиар өссөн бол өвс, тэжээл бэлтгэлийн хүрэлцээ 35 хувиар, малын хашаа, саравчны хүрэлцээ 33 хувиар тоног, төхөөрөмжийн хангалт 21 хувиар ажиллах хүч, тэжээл тариалах газрын хүртээмж тус бүр 10 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” үргэлжилж, “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлж, тариалангийн газарт ногоон тэжээл тариалж өвөл, хаврын хүндрэлээс сэргийлж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-аар батлуулж, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг гацаанаас гаргаад байгаа юм. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэр зэрэг төслүүд хөдөлж эхэлсэн.
Түүнчлэн Засгийн газар стратегийн ордуудын өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 16 ордоос наймд төрийн эзэмшлийн хувийг тогтоож, өгөөжийн 60-аас доошгүй хувь нь иргэдэд очих хуулийг УИХ-д өргөн барихаар боловсруулж байгааг намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр мэдээлэлдээ дурдав.
Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Л.Энхболд “Өмнөговьчууд маань баялагтаа эзэн байгаасай гэж би хүсдэг. Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо 2025 оноос “Гишүүдээ сонсох аян”-ыг хэрэгжүүлж ирсэн. Харин 2026 оноос бид гишүүн өрхүүдээр орж, ажил амьдралтай нь танилцаж, санал бодлыг нь сонсож, ажиллаж байна” гэлээ. Өмнөговь аймгийн МАН-ын хороо “Тэрбумтан Өмнөговьчууд” төслийг аймгийн ИТХ-д өргөн барьж, хэрэгжүүлэхээр иргэдээс санал авч байгаа аж.
Даланзадгад сумын Монгол Ардын намын хорооны дарга А.Амартөр “Бид намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсож, бодлого шийдвэртээ тусгана. Монгол Ардын намын цахим нам болж, Enam 3.0 платформыг хэрэгжүүлж байгаа. Тус сумын намын гишүүд Enam 3.0 платформд нэгдэж, мэдээлэл солилцож, сонирхлын бүлгээрээ хамтарч байна” гэлээ.

Дараагаар нь уулзалтад оролцсон намын гишүүд дэмжигчид саналаа чөлөөтэй хэллээ.
“Ерөнхий сайдын санаачилсан тэтгэврийн шинэчлэлийн талаарх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсонд баяртай байна. Манай нам залуусаа дэмжих, элсүүлэх хэрэгтэй. Нам дотроо эвтэй байх хэрэгтэй. Эв нэгдэл гэдэг дээдийн дээд. Монгол Ардын намын дарга Н.Учралыг ажлыг нь дэмжиж хийлгэх хэрэгтэй” гэсэн юм.






