Эрүүл мэндийн бодлогын хорооноос нийтийн эрүүл мэндийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Админ

2026.05.12
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын хорооноос “Бидний ирээдүй-Хүн төвтэй нийтийн эрүүл мэнд” сэдэвт хоёр дахь удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.05.12/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга Д.Ганмаа, УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, намын Удирдах зөвлөлийн гишүүн М.Оюунчимэг, Ерөнхий сайдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын асуудал хариуцсан зөвлөх Г.Номин, эрүүл мэндийн салбарын удирдлагууд, төр болон хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл, эмч, мэргэжилтнүүд, иргэд нээлттэй хэлэлцүүлэгт оролцов. Оролцогчид нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийн гарц шийдлийн талаар тал бүрээс нь хэлэлцэн санал бодлоо солилцсон юм.

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход онцгойлон анхаарч ажиллахдаа иргэн, эмч, эмнэлэг, тогтолцоог чөлөөлөх гэсэн чөлөөлөлтийн бодлогыг дэвшүүлээд байгаа билээ. Тэрбээр хэлэлцүүлэгт амжилт хүсэн мэндчилгээ илгээснийг түүний зөвлөх Г.Номин уншиж танилцуулав.

Мэндчилгээнд “Бид иргэдээ өвчний улмаас өр, санхүүгийн дарамтад орохоос чөлөөлөхийг, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хэт их бичиг цаас, ачааллаас чөлөөлж, иргэн төвтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийг, эрүүл мэндийн мэдээллээ мэддэг, өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай ханддаг иргэдтэй  болохыг зорьж байна. Эдгээр нь монгол хүний эрүүл байх эрхийг бодитоор баталгаажуулж буй алхам юм. Цаашид бид чанартай эрт илрүүлгийг өргөжүүлэх, эрүүл орчны стандартыг сургууль, ажлын байр, орон нутагт нэвтрүүлэх, хүнс ба орчны аюулгүй байдлыг сайжруулах, цар тахал зэрэг эрсдэлийн үед бэлэн байдлыг цахим системтэй уялдуулан бэхжүүлэх, иргэн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодит алхмуудыг хэрэгжүүлнэ. Бид хамтдаа хүн төвтэй, ирээдүйд чиглэсэн, үр дүнд суурилсан нийтийн эрүүл мэндийн тогтолцоог бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна” гээд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг байгуулсан тухай дурджээ.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга Д.Ганмаа хэлэхдээ “Нийгмийн эрүүл мэнд бол шинжлэх ухаан болон урлаг гэсэн хоёр хэсгээс бүрддэг гэж болно. Нийтийн өөрсдийнх нь оролцоо, ухамсартайгаар бий болгодог шинжлэх ухаанд суурилсан бодитой мэдээллийг нэгтгэн олон нийтийн оролцоог ханган бүх хүнд хүргэхийн тулд нийтийн эрүүл мэнд гэж байдаг” хэмээн товч дүгнэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид сэргийлэх, дэмжих, хамгаалах, бэлэн байх гэсэн дөрвөн салбарт хуваагдан дэд хэлэлцүүлэг хийж гол чиглэлүүдээ гарган санал дүгнэлтээ нэгтгэж байна.