Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан, Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн Г.Дашням болон холбогдох албаны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллалаа. Ингэснээр тус ажлын хэсгийн Хэнтий аймгийн найман суманд зохион байгуулсан иргэдтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг Цэнхэрмандал суманд өндөрлөж байна.

Уулзалтад иргэд, намын гишүүд, дэмжигчид оролцож, Ерөнхий сайдын санаачилсан "Чөлөөлье" аяны хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Гишүүн төвтэй Е4 стратеги", E-Nam 3.0 платформд хийсэн шинэчлэл, мөн орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл авч, санал солилцсон юм.

Уулзалтын үеэр хүн амын бууралт, төрийн үйлчилгээний хүртээмж, мал аж ахуйн бүтцийн өөрчлөлт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг илүү үр өгөөжтэй, оновчтой зарцуулах асуудлыг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө. Малчид бог малаас бод малын аж ахуйг түлхүү хөгжүүлэх чиглэлд шилжиж байгаа нь бэлчээрийн даацад эерэгээр нөлөөлж, мал аж ахуйн чанар, үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуу малчдын тоо өсөх хандлагыг бий болгож байгааг онцолж байна.

Мөн иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн журамд үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн төслүүдийг дэмжих боломжийг илүү уян хатан тусгах шаардлагатай гэв. Тухайлбал, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахад үр өгөөжийг зөвхөн тухайн үйлдвэрт ажиллаж буй цөөн хүний хүрээнд бус, түүхий эдээ нийлүүлж, бүтээгдэхүүний үр ашгийг хүртэж буй малчдын оролцоогоор нь үнэлэх нь зүйтэй гэсэн санал гаргалаа.

Түүнчлэн төрийн албаны зарим шалгуур, журам орон нутгийн бодит нөхцөлд төдийлөн нийцэхгүй байгааг иргэд онцолж, хүн ам сийрэг суурьшсан бүс нутагт бүх суманд ижил шаардлага тавих нь хүний нөөцийн хүндрэл үүсгэж байгааг хэлэв. Мөн уул уурхайн лицензийн асуудал, отрын бүсийн зохицуулалт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар саналаа илэрхийллээ.

Сумын намын байгууллага гишүүддээ чиглэсэн тогтвортой үйл ажиллагаа явуулж, бодит ажил, үр дүнгээрээ иргэдийн итгэлийг бэхжүүлэх нь чухал болохыг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэлээ.


Энэ үеэр намын ахмад гишүүд Ц.Махлай, С.Осоржамаа, Т.Баасанхүү нарын гэрээр зочилж, хүндэтгэл үзүүлэн Монгол Ардын Намын даргын мэндчилгээг уламжиллаа. 

Ийнхүү Хэнтий аймгийн найман суманд зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлгүүдийн үеэр иргэд, намын гишүүдээс дэвшүүлсэн санал, хүсэлт, санаачилгийг нэгтгэн цаашдын бодлого, шийдвэр, үйл ажиллагаандаа тусган ажиллахаа ажлын хэсгийнхэн илэрхийллээ.




