"Гишүүн төвтэй Е4 стратеги", "Цахим нам 3.0" шинэчлэлийн хөтөлбөрүүдийг танилцуулав

Админ

2026.06.27
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын улс орон даяар хэрэгжүүлж буй "Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд МАН-ын Бага хурлын гишүүн Г.Түвдэндорж, МАН-ын дэргэдэх Стратеги академийн улс төр судлаач Р.Янжиндулам нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2026.06.27) Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгонд ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан юм. Мөн иргэдийн асуултад нээлттэй хариулж, санал хүсэлтийг нь сонслоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч Г.Бат-Орхон, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Мөнхбат нар ажилласан бөгөөд уулзалтад Номгон тосгоны удирдлагууд, намын гишүүд, дэмжигчид болон иргэд өргөнөөр оролцов.

Уулзалтад оролцсон иргэд орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаа, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой санал, хүсэлтээ нээлттэй хэлэлцэж байлаа. Харин ажлын хэсгийнхэн иргэдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, бодлого шийдвэр гаргах түвшинд уламжлан ажиллахаа илэрхийллээ.

Мөн энэ үеэр Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй "Гишүүн төвтэй Е4 стратеги", "Цахим нам 3.0" шинэчлэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, намын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал асуулга, судалгаа авч, сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж,  Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа. 

"Ардын нам-Ард түмэндээ" аян цаашид Сэлэнгэ аймгийн баруун бүсийн бусад сумдад үргэлжилнэ.