Монгол Ардын нам дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгуулж, тэдний дуу хоолойг төрийн бодлого, шийдвэрт хүргэх, оролцуулах, тэгш хүртээмжтэй болгох зорилгоор Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.06.21/ “Хамтдаа босго давъя” уриатай анхдугаар Их хурлыг зохион байгуулж байна.

Их хурлын өмнө дөрвөн сэдвээр салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчид тулгардаг саад бэрхшээл, гарах гарц, төрийн бодлого, хууль тогтоомж хэр нийцтэй хэрэгждэг талаар хөндөн ярилцлаа.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөлөл, асран хамгаалагчид энэхүү холбооны Их хуралд оролцохоор ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Саранчулуун нээлттэй, уян хатан, хүртээмжтэй, салбар бүрийн төлөөллийг хамруулсан тэгш оролцооны холбоо байхаар зохион байгуулалтад орж буйг “Оролцоо ба улс төрийн эрх” салбар хэлэлцүүлэгт панелистаар оролцохдоо онцлов.
“Боловсрол ба хөдөлмөр эрхлэлт” салбар хэлэлцүүлгийн үеэр манай улсад 87 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн боловсрол эзэмшсэн ч хөдөлмөр эрхэлж буй хувь нь түүнээс бага байгаагийн шалтгаан, ажил олгогчийн үүрэг, төрийн бодлогын дэмжлэг зэргийг хэлэлцэв.

“Эрүүл мэнд ба нийгмийн хамгаалал” хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдад үзүүлж буй нийгмийн халамжаас гадна нийгмийн сэтгэл зүйн дарамт, айдас түгшүүрээс хамгаалах механизм нэн шаардлагатайг хөндлөө.
Тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн хамгаалал тал дээр төр биш төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод ажиллах боломжтойг оролцогчид дурдлаа. Мөн хэрэгждэггүй хууль, тогтоомж, түүнд хяналт тавих, хариуцлага тооцох асуудлыг ч хөндлөө.

“Хүртээмж ба орчны саадгүй байдал” хэлэлцүүлгийн үеэр хот хоорондын нийтийн тээвэрт саадгүй, аюулгүй зорчих, замдаа буух, суух орчныг хүртээмжтэй байдлаар тохижуулах шаардлага тулгардаг тухай ярилцлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлдэг, нэгтгэдэг, гэрээс нь гаргадаг зүйл бол спорт гэдгийг оролцогчид хэлж байсан юм.


Бүх хэлэлцүүлгүүд дохионы хэлмэрчтэй үргэлжилж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн хийсэн төрөл бүрийн үзэсгэлэн бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолыг ордны нэгдүгээр давхарт дэлгэжээ.












