Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт СДХБИХ-ны салбарыг байгууллаа

Админ

2026.09.23
Үйл явдлын мэдээ

Хэнийг ч орхигдуулахгүй, хүн бүрийн оролцоог хангах үзэл санааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эцэг эх, асран хамгаалагчид, нийгмийн ажилтан, сэргээн засах эмч, багш нар, тэдний эрх, нийгмийн хамгаалал, өдөр тутамд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд МАН-ын зүгээс анхаарч дэмжин ажиллаж байна.

Намын дэргэд Социал Демократ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог албан ёсоор байгуулсан бөгөөд салбар холбоог нийслэлийн дүүргүүд болон аймагт байгуулж байгаа юм.

Тус холбооны салбарыг өнөөдөр /2026.09.23/  Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт байгуулж удирдлагуудыг нь сонголоо.

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны анхдугаар Бага хуралд 25 хорооны төлөөллийг оролцуулсан нийт 54 төлөөлөгч оролцов.

Хуралд МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, СДХБИХ-ны дэд ерөнхийлөгч Б.Сарантуяа нар оролцож тус холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилго, чиглэлийн талаар мэдээлэл өгсөн юм.

Хан-Уул дүүргийн СДХБИХ-ны салбар холбооны даргаар боловсрол болон нийгмийн хамгааллын салбарт 20 жил ажилласан Б.Чимэдрагчааг, дэд даргаар мөн тус салбарт олон жил ажилласан Б.Гүнжилмаа нарыг сонголоо.

Мөн Хэнтий аймгийн Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны анхдугаар Бага хурал тус аймгийн намын хорооны байранд болов.

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга бөгөөд Хэнтий аймгийн МАН-ын дарга Г.Хэрлэнчулуун хуралд оролцож тус холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилго, чиглэлийн талаар мэдээлэл өгч илтгэл тавилаа.

Хуралд аймгийн төв болон сумдын төлөөлөл нийт 38 төлөөлөгч оролцсон бөгөөд Хэнтий аймгийн МАН-ын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүнээр эмч О.Намжилмаа ажиллахаар болов.

СДХБИХ-ны Сонгинохайрхан дүүргийн салбар холбоог мөн өнөөдөр байгуулах анхдугаар Бага хуралд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Н.Мөнх-Оргил, СДХБИХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Улсболд нар оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн намын 43 хорооны 140 гаруй төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдын төлөөлөл оролцож холбооны зүгээс цаашид хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажил, анхаарах асуудлын талаар санал бодлоо илэрхийлэв.

СДХБИХ-ны Сонгинохайрхан дүүргийн салбар холбооны тэргүүнээр тус дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга, ХНХ-ны дарга Н.Зоригтбаатарыг сонгон батлав.

Мөн тус салбар холбооны дэд даргаар Т.Ганзориг, Я.Алтанзагас нарыг, Нарийн бичгээр М.Наранчимэгийг сонгож, 19 хүнийг тэргүүлэгчээр тус тус сонголоо.

Ийнхүү салбар холбоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрх ашгийг дэмжих, тэдний нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тухайн дүүрэг, аймагтаа ажиллаж эхэллээ.