Ханбогдчууд “Чөлөөлье” санаачилгад талархаж, тэтгэврийн шинэчлэлийг дэмжиж байна

Админ

2026.06.14
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Өмнөговь аймгийн Ханбогд  суманд үргэлжлэв. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн  Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Ханбогд сумын Монгол Ардын намын хорооны дарга Х.Нэхийт нар  Ханбогд сумын Монгол Ардын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, тэдний саналыг сонслоо.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Засгийн газрын дэвшүүлсэн  бодлогын хэрэгжилт бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол Ардын нам засгийн эрх барьсан өнгөрсөн 10 жилд гадаад харилцаа, хамтын ажиллагаа тэлж, Монгол Улсын нэр хүнд өссөнийг манай улсад Ромын пап, Францын Ерөнхийлөгч, Японы эзэн хаан айлчилснаар илтгэж байгааг бодит тоо баримт, үйл явдлаар жишээлэн мэдээллэв.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын боловсруулсан тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг танилцуулсан юм.  УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулахаар өргөн барьсан тус хуулийн төсөл батлагдсанаар “Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ. 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг 2 хувь болгож өсгөнө. Тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө” зэрэг илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тогтолцоонд шилжих шинэчлэл болж байгаагаараа онцлогтой юм.

Түүнчлэн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгаар   татварын өртэй 12,153 татвар төлөгчийн дансыг 1 сард нээж үйл ажиллагааг нь сэргээж,  найман төрлийн 146 тусгай зөвшөөрлийг хасаж, e-business.mn-д зөвхөн мэдэгдээд бизнесээ эхлэх боломжийг бүрдүүлээд байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд “Өмнөговьчууд маань баялагтаа эзэн байгаасай гэж би хүсдэг. Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо 2025 оноос “Гишүүдээ сонсох аян”-ыг хэрэгжүүлж ирсэн. Харин 2026 оноос бид гишүүн өрхүүдээр орж, ажил амьдралтай нь танилцаж, санал бодлыг нь сонсож, ажиллаж байна” гэлээ.  Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо “Тэрбумтан Өмнөговьчууд” төслийг аймгийн ИТХ-д өргөн барьж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Ханбогд сумын Монгол Ардын намын хорооны дарга Х.Нэхийт “Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Өмнөговьчууд бидний итгэлийг хүлээж чадсан.  100 гаруй жилийн түүхтэй Монгол Ардын намын Удирдах зөвлөлд Өмнөговь аймгийн төлөөлөл багтаж, бидний дуу хоолойг хүргэж байгаад баяртай байна. 

Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо  “Намын гишүүдээ сонсъё” арга хэмжээг эхлүүлж, малчдаараа орж, уулзалт хийж байна” гэдгийг онцоллоо. Уулзалтын үеэр Ханбогдчууд Ерөнхий сайд Н.Учралын санаачлан дэвшүүлсэн тэтгэврийн шинэчлэлийн тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлж байв. 

Тухайлбал, Ханбогд сумын Номгон багийн малчин Т.Дашням “Ерөнхий сайд Н.Учралын санаачлан хэрэгжүүлж байгаа тэтгэврийн шинэчлэлийг дэмжиж байна. Улсад олон жил ажилласан бидний тэтгэвэр шударгаар үнэлэгдэх болсонд баяртай байна” гэсэн бол Ханбогд сумын иргэн Т.Болорзаяа “Залуу хүний хувьд Монгол Ардын намын дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааг дэмждэг. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачлан хэрэгжүүлж байгаа “Чөлөөлье” санаачилга олон залууст хүсэл зорилгоо хэрэгжүүлэх урам, дэм өгч байгаад баяртай байна. Бас тэтгэврийн шинэчлэлийн бодлого ахмадуудад хүрсэн, хүлээлттэй байна” гэсэн юм.

Уулзалтаар Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “Миний бие та бүхнийхээ саналын намын Удирдах зөвлөлдөө хүргэж, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэдгийг тодотгов. Энэ өдөр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг намын ахмад гишүүн Х.Амбаа, Т. Дашням, М.Дамдинсүрэн нарт хүндэтгэл үзүүллээ.

“Та бүхэн сайн явж байна уу.  Бороо хур дагуулж ирэв үү” хэмээн угтсан хүн бол Ханбогд сумын өндөр настан, Монгол Ардын намын ахмад гишүүн Х.Амбаа. Эдүгээ 75 настай Х.Амбаа гуай өнгөрсөн хугацаанд намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын хороонд ажиллаж, ухуулагчийн ажил  хийж иржээ. “Би үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч хүн.

Шударга, туйлбартай багаар хамт олныг бүрдүүдэх нь чухал. Хамт олон нэг санаатай, нэгдмэл байх хэрэгтэй. Намын ухуулагч гэдэг хүн аль нэг сонгуулиар биш дөрвөн жилдээ тасралтгүй ажиллах ёстой” хэмээн номын санчаас намын ухуулагч хүртэл 40 жил намдаа зүтгэж ирсэн Монгол Ардын намын ахмад гишүүн Х.Амбаа гуай ярьж байна.

 

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан багийн “Ардын нам-Ард түмэндээ” аян Өмнөговь аймагт үргэлжилж байна.