Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэд, намын гишүүдийн саналыг сонслоо

Админ

2026.06.21
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Мөрөн суманд намын гишүүд, дэмжигчид, иргэдтэй уулзлаа.

Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын намын Е-4 стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, мөн намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох Enam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Иргэд, намын гишүүдийн зүгээс тэтгэвэр, нийгмийн хамгаалал, ахмад настны нийгмийн баталгаа зэрэг асуудлыг хөндөхийн зэрэгцээ нам дотооддоо эв нэгдэлтэй байж, улс төрийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай талаар шүүмжлэл, санал ихээр илэрхийллээ.

Ахмад гишүүдийн зүгээс тэтгэврийн хэмжээ, тэтгэврийн зээлийн асуудал, ахмад настны нийгмийн баталгаатай холбоотой асуулт хамгийн ихээр тавигдав.

Ажлын хэсгийн зүгээс иргэд, намын гишүүдээс гарсан санал хүсэлтийг нэгтгэн, холбогдох шатны байгууллагуудад уламжилж ажиллахаа илэрхийллээ.

Мөн энэ үеэр намын ахмад зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, санал хүсэлтийг нь сонслоо.