ICAPP-д ажилласан сайн дурын 30 гаруй ажилтанд сертификат гардуулав

Админ

2026.08.31
Үйл явдлын мэдээ

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал буюу International Conference of Asian Political Parties (ICAPP)-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааныг Монгол Улс өнгөрсөн зургаадугаар сарын 26-27-нд анх удаа эх орондоо зохион байгуулсан билээ.

МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг нар дээрх хурлын зохион байгуулалтын бүхий л хэсэгт ажилласан сайн дурын ажилтнуудын төлөөлөлд өнөөдөр /2026.08.31/ сертификат гардуулж, талархал илэрхийлэв.

ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаанд Хятад, Солонгос, Вьетнам, Лаос, Камбож, Бангладеш, Индонези, Пакистан, Узбекистан зэрэг улсуудын өндөр, дээд хэмжээний 40 гаруй төлөөлөл ирж оролцсон юм.

Энэхүү хуралд сайн дурын 30 гаруй хүнийг сонгон шалгаруулж ажиллуулсан  байна.

ICAPP нь Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм.

Энэ байгууллагын идэвхтэй гишүүнээр Монгол Улсаас 2004 онд анх удаа Монгол Ардын Нам орж ажилласан бөгөөд 2013 оноос эхлэн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон идэвхтэй ажиллаж байна.