“Ментор-105” хөтөлбөрийн тав дахь удаагийн уулзалт боллоо

Админ

2026.08.28
Үйл явдлын мэдээ

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос (СДМЭХ) хэрэгжүүлж буй “Ментор-105” хөтөлбөрийн тав дахь удаагийн уулзалт өглөөний уулзалтаар үргэлжиллээ.

Энэ удаагийн уулзалтад Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоог олон жил тэргүүлж ажилласан Д.Сарангэрэл зочноор оролцож, менти нартай уулзан, өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.

Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаад улс төрийн салбарт хэрхэн хөл тавьж, ажиллаж ирсэн замнал, хуримтлуулсан туршлага болон манлайллын талаарх ойлголтоо менти нартай хуваалцсан юм.

Уулзалтын үеэр оролцогчид өөр өөрсдийн салбарт тулгарч буй сорилт, боломжийн талаар ярилцаж, мэдлэг, туршлагаа харилцан хуваалцлаа. Мөн ментор-менти харилцааны ач холбогдол, цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцов.

“Ментор-105” хөтөлбөр нь өндөр ёс зүй, мэдлэг, туршлагатай эмэгтэй менторуудыг залуу үеийн төлөөлөлтэй холбон, үнэт зүйлд суурилсан, үр дүнд чиглэсэн ментор–менти харилцааг төлөвшүүлэх зорилготой.

Тус хөтөлбөрийг Монгол орны баруун, зүүн, хойд, говийн, төв, хангайн зургаан бүс болон нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Бүс бүрээс 10 ментор, 10 менти, нийслэлээс 45 ментор, 45 ментийг хамруулж, нийт 105 ментор, 105 ментийг зургаан сарын хугацаанд системтэйгээр хөгжүүлэхээр төлөвлөсөн. Тус хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, шинэ үеийн эмэгтэй манлайлагчдыг бодлого, ёс зүй, стратегийн түвшинд бэлтгэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагын залгамж холбоог бий болгоход чиглэж байна.