Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мандхай өнөөдөр /2026.09.10/ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Эмилио Певида Пупо-тай уулзлаа.

Уулзалтаар Монгол Ардын Нам болон Кубын Коммунист нам хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааг шинэ агуулгаар баяжуулах боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.
Энэ хүрээнд хоёр намын харилцааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох, улс төрийн намын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан айлчлал, уулзалт, арга хэмжээний давтамжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс хооронд 1960 онд дипломат харилцаа тогтоож, Куба Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон болсон.

