Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал: Ахмадуудын надаас хүлээдэг зүйл бол тэтгэврийн шинэчлэл

Админ

2026.06.11
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын дарга Н.Учрал анхны томоохон хэмжээний уулзалтаа нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн Социал Демократ Ахмадын Холбооны гишүүд, дэмжигчид, удирдлагуудтай намын төв байр Тусгаар тогтнолын ордонд хийж байв. 

Мөн намын дэргэдэх СДАХ болон Монголын Ахмадын холбооны нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн уулзалтад өмнө нь оролцож байсан.

Монгол Ардын намын дарга Н.Учралын хувьд ажил, амьдралын туршлагатай ахмадуудаа сонсож, дунд үе нь ачаа үүрч, залуусаа дайчлан ажиллах учиртай гэж үздэг тул ахмадуудтай санал бодлоо хуваалцаж, уулзахдаа таатай байдгаа онцлон ярьдаг билээ.

Тэрбээр Засгийн газрын өчигдрийн /2026.06.10/ ээлжит хуралдааны дараа тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийн талаар олон нийтэд танилцуулсан юм.

Тэгвэл Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.06.11/ болсон Социал Демократ Ахмадын Холбооноос зохион байгуулсан 31 дэх уулзалтад оролцон тэтгэврийн тогтолцоог өөрчилж, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжүүлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаагаа Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал дэлгэрэнгүй тайлбарлаж, ахмадуудтайгаа гурав дахь удаагаа уулзаж буйгаа онцлов.

Олон жил ярьсан тэтгэврийн шинэчлэлийг зоригтой хийхийг ахмадууд ярьж хэлдэг, хүсдэг тул дуусдаггүй олон удаагийн оролдлогыг дуусгах болно гэдгээ намын дарга Н.Учрал хэлээд “2024 онд Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан ч асуудлыг цогцоор нь харж чадаагүй учир дутагдалтай байсан учраас өнөөдөр ахмадууд авч буй тэтгэвэртээ сэтгэл хангалуун биш байна. Тэгэхээр бид дорвитой шинэчлэлийг хийхээр зорьсон, ахмадууд та бүхний Учралаас хүлээдэг хүлээлт бол энэхүү тэтгэврийн шинэчлэл юм” гэв.

Засгийн газраас парламентад өргөн мэдүүлж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тэтгэврийг тэгшитгэж 10, 20 хувиар нэмээд ямар ч үр дүнгүй учраас тогтолцооны хувьд шинэчлэл хийхээр болжээ.

Тэтгэврийг тогтолцооны шинэчлэлийн үр дүнд дараах бодит өөрчлөлт гарна гэж үзсэн байна.

-Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр ахмадуудад олгогдоно.

-Нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

-Тэтгэврийн зөрүүг арилгаж, итгэлцүүрийг шинэчилснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.

-Тэтгэвэрт гарах наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.

-25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг хоёр хувь болгож өсгөнө.

-Тэтгэвэр авагч ажил хийдэг бол нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.

-Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.

Ийнхүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг, шударгаар үнэлдэг тогтолцооны шинэчлэлийг уулзалтад оролцсон ахмадууд талархан дэмжиж, аль болох богино хугацаанд хэлэлцэн батлуулж хэрэгжүүлэх шаардлагатайг захиж байв.

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, түүний үр шимийн талаарх танилцуулгыг сонссон ахмадуудын төлөөлөл санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа биечлэн болон бичгээр уламжлав.