Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцууллаа

Админ

2026.06.10
Үйл явдлын мэдээ

Засгийн газрын өнөөдрийн /2026.06.10/ ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал олон нийтэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “1999 оноос хойш нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр олон удаагийн оролдлого хийж байсан ч бодит үр дүнд хүрээгүй нь өнөөдрийн ахмадуудын тэтгэвэр амьдрал ахуйд нь хүрэхгүй байгаатай холбоотой. Мөн жил бүр  инфляцтай уялдуулж тэтгэврийг тодорхой хэмжээнд нэмдэг ч тогтолцооны хувьд өөрчлөлт хийгээгүй үед үр дүн гарахгүй нь тодорхой байна. Иймд манай Засгийн газар энэхүү дуусдаггүй шинэчлэлийг дуусгахын төлөө ажиллаж, тэтгэврийн шударга тогтолцоог бий болгох шинэчлэлийг танилцуулж байна” гэлээ.

Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийг хийснээр илүү олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал онцлов.

Тэтгэврийн шинэчлэлд гурван онцлох агуулга дурджээ.

Үүнд:

1. Баталгаат тэтгэврийг бий болгох

2. Тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хувь хэмжээг өөрчлөх

3. Тэтгэврийн тогтолцооны өөрчлөлт буюу даатгуулагчийн сонголтод үндэслэсэн хагас хуримтлал руу шилжих юм байна.

Мөн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал дараах онцлох тоо баримтыг дурдлаа.

-10 хүний зургаа нь хамгийн бага тэтгэвэр авч байна. 57 хувь нь 769 мянга, түүнээс бага тэтгэвэртэй байна.

-42 хувь нь бүрэн тэтгэврийн, 15 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр авдаг.

-2025 оноос өмнө жил бүр цалин, үнийн өсөлтийг тооцож индексжүүлж нэмээгүй. Олон жилийн өмнө тэтгэвэрт гарсан иргэд үнийн өсөлтөд илүү нэрвэгддэг.

-2013 оноос өмнөх 1.4 сая төгрөгийн цалингийн дээд хязгаараас тэтгэвэр бодсоныг 2.4 сая төгрөгөөс тооцно.

-Бүх тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жил бүр автоматаар индексжүүлнэ гэлээ.