Монгол Улсад сүүлийн 10 жилд хэрэгжсэн бодит ажлуудыг Хүрмэн суманд танилцууллаа

Админ

2026.06.20
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаярын ахалсан баг Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Хүрмэн сумын Монгол Ардын намын дарга Г.Амарбаяр, дэд дарга С.Буянтогтох, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй энэ сарын 19-нд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд ажиллалаа.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Хүрмэн сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгч, төлөөлөгчидтэй уулзлаа. Намын хорооны дэд дарга Буяа эдүгээ 62 настай. 2008 оноос хойш Хүрмэн сумын намын хорооны дэд даргын албыг тасралтгүй хашиж иржээ.

Дараа нь Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр ахлагчтай баг намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ.

Сүүлийн 10 жилд Монгол Улсын эдийн засаг 90 их наяд болж, гурав дахин тэлсэн бол экспорт дөрөв дахин нэмэгджээ. 2015 онд хатуу хучилттай авто зам 6500 км байсан бол өнөөдөр 11 000 км болсон байна.

Эрчим хүчний эх үүсвэр 2015 онд 1200 МВТ байсан бол өнөөдөр 1900МВТ болж, 700 МВТ-аар нэмэгдээд байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд цэцэрлэг 250-аар нэмэгдэж, 2015 онд цэцэрлэгийн хамрагдалт 60 хувь байсан бол өнөөдөр 85 хувь болж нэмэгдсэн байна.

Дээрх статистик тоо бол Монгол Ардын нам сүүлийн 10 жилд Засгийн эрхийг барихдаа хэрэгжүүлсэн ажлын нэг хэсэг. Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар хатуу хучилттай 2000 км авто зам шинээр барьж, 223 км авто зам болон 1,317 м гүүр засахаар төлөвлөжээ.

Мөн 15,000 шууд, 63,000 шууд бус ажлын байр бий болгох Ган, зэс боловсруулах цогцолбор, Нүүрс пиролизийн үйлдвэр, «Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк» эхлүүлээд байгаа юм.

“Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг тэлж, олон улсад зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь Монгол Ардын намыг УИХ-ын сонгуулиар олонх болоход зүтгэсэн анхан шатны байгууллагуудын хүчин чармайлтын үр дүн” гэдгийг Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр хэлсэн үгэндээ онцлон дурдлаа.

Дараа нь Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд “Тэрбумтан Өмнөговьчууд” төслөө танилцууллаа. Энэ төсөл хэрэгжсэнээр малчид, оюутнуудыг дэмжиж, Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа “Нутгийн дэм” хөтөлбөрт хамруулж, байгалийн баялгаас хүртээхээр тусгажээ. Тиймээс “Тэрбумтан Өмнөговьчууд” төслийг Өмнөговь аймгийн ИТХ-д оруулж, хэлэлцэн батлуулахаар иргэдийн саналыг авч байгаа аж.