Н.Хадаа: Өрхийн үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг хэрэгтэй байна

Админ

2026.06.14
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намаас зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд Орхон аймгийн Жаргалант суманд намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг амжилттай боллоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Жаргалант сумын Засаг дарга Л.Учрал, Засаг даргын орлогч Т.Лхагвацэрэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билгүүнбаатар нар оролцож, Жаргалант сумын намын гишүүдтэй нээлттэй санал солилцов.

Энэ үеэр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн стратеги, “Чөлөөлье” санаачилга, намын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Enam 3.0 платформын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төр, намын бодлого шийдвэрийг иргэд, гишүүдэд хүргэхийн зэрэгцээ орон нутгийн тулгамдсан асуудал, санал хүсэлтийг сонсон ажиллалаа.

Уулзалтад оролцогчид жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитой дэмжих, зээл, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Хадаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд тавигдаж буй хэт төвөгтэй шаардлагуудыг бууруулж, бодит нөхцөлд нь нийцсэн дэмжлэгийн механизмыг бүрдүүлэх асуудалд анхаарах хүсэлтийг уламжилсан юм.

“Ардын нам – Ард түмэндээ” аян нь иргэдийнхээ дуу хоолойг сонсож, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэрт тусган ажиллах, төр, нам, иргэдийн хамтын ойлголцол, оролцоог бэхжүүлэх зорилготойгоор улс орон даяар үргэлжилж байна.