МАН-ын дэргэдэх Социал Демoкрат Монголын Залуучуудын Холбооны “Answering You” арга хэмжээ Орхон аймгийн Залуучуудын ордонд өнөөдөр /2026.10.11/ болж байна.

Чуулганд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, намын даргын зөвлөх Ц.Бат-Энх, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нар оролцов.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал тус холбооны зургаа дахь ерөнхийлөгчөөр 2019-2024 онд ажиллаж байсан юм.
Түүнээс хойш өөрчлөн шинэчлэгдэн, олон төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хийж чадсан залуучуудын амжилтуудаар бахархаж буйгаа илэрхийллээ.

Иймд нийгэмд эерэг хандлага түгээдэг, хүний сайн чанартай нөхөрлөдөг, зөв манлайлал үзүүлдэг залуусынхаа санал шүүмжийг нээлттэй сонсож, залуучуудын байгууллагаа үргэлж дэмжинэ гэдгээ Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд дарга Н.Учрал хэллээ.

Мөн МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын ажил, дотоод соёл төлөвшил, үзэл баримтлал, түүний мөн чанар, боловсрол эзэмшихэд хүүхэд залуусыг тэгш боломжоор хангах талаар залуустай санал бодлоо хуваалцлаа.
SDY холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан өнгөрсөн нэг жилийн хугацаанд 80 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, олон нийтийн арга хэмжээг амжилттай зохион байгуулснаа танилцууллаа.

Жишээ дурдвал, мянга гаруй хүүхдийг хамруулсан Монголын түүхийн олимпиадыг зохион байгуулсан, “Гэрэлтэх эхлэл” төслийн хүрээнд олон мянган хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, “Deaf Nomads” баримтат кино төслөө НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын 2025 оны Тогтвортой хөгжлийн зөвлөгөөний үеэр толилуулсан, залуусын хэлэлцүүлэг хийж, моддоо усалъя аяныг өрнүүлсэн байна.




