“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Хэрлэн суманд ажиллан, намын гишүүд дэмжигчидтэй уулзлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Түмэнбаяр болон аймаг, орон нутгийн намын байгууллагын төлөөлөл оролцов.

Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын намын Е4 стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, мөн намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох E-nam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн намын гишүүд, иргэдтэйгээ уулзах үеэр эх оронч үзэл, улс орон, орон нутгийнхаа хөгжилд хариуцлагатай оролцохын ач холбогдол, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, төрт ёсны уламжлалаа эрхэмлэн дээдлэх талаар ярилцав.
Намын ахмад гишүүдийн зүгээс хамгийн их хөндсөн асуудал нь тэтгэвэр, ахмад настны амьжиргаа, үнийн өсөлттэй холбоотой байлаа. Тэд тэтгэврийн шинэчлэл, нэмэгдлийн хэрэгжилт, ахмад настны нийгмийн баталгааг сайжруулах асуудлыг бодитой, ойлгомжтой, шуурхай шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Мөн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлтийг бодлого, шийдвэрт бодитоор тусгах, орон нутгийн хөгжилд чиглэсэн намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтыг сайжруулах, ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.

Ажлын хэсгийн зүгээс ахмад гишүүдийн олон жилийн хөдөлмөр, туршлага, намын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж, тэдний санал зөвлөмжийг цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлэв.






