Монгол Ардын намаас орон даяар өрнүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Г.Дашням, МАН-ын Улс төрийн манлайллын академийн сургагч багш Г.Болдмаа болон холбогдох албаны хүмүүсийн хамт багаараа Дархан суманд ажиллаж, иргэд, намын гишүүдтэй уулзлаа.
Уулзалтад 70 орчим хүн оролцож, сумынхаа амьдрал, тулгамдсан асуудал, цаашид хийх ажлуудын талаар чөлөөтэй ярилцав. Энэ үеэр гишүүн бүрийн оролцоонд тулгуурласан E4 стратегийн зорилго, намын үйл ажиллагааг илүү нээлттэй, иргэдэд ойр болгох чиглэлийн талаар танилцууллаа.

Дархан сум 2,000 гаруй хүн амтай ч 9 жилийн сургуульдаа 290 орчим сурагчтай. Хүүхдээ сургуульд сургахын тулд аав, ээжийн нэг нь дагаж явах шаардлага гардаг нь айл өрхүүдэд бодит хүндрэл болж байна. Харин 25-аас дээш насны иргэд ажил, амьдралын боломж хайж Бор-Өндөр, Улаанбаатар, Говьсүмбэр рүү олноор шилждэг талаар иргэд ярив.

2023 оны зудын үеэр мал сүрэг бараг 54 хувиар хорогдсон нь малчдын амьдралд томоохон цохилт болсон байна. Усны чанар муу, хужирлаг учраас цэвэршүүлэх төхөөрөмж, худгийн асуудлыг шийдэх шаардлагатайг мөн онцоллоо.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн саналд тулгуурлан илүү үр дүнтэй зарцуулах, малын тоо толгойн албан татварын орлогоор малчдад хэрэгтэй ажлуудыг хийх санал гаргав. Уулзалтад оролцогчид намын ажил зөвхөн намын хүрээнд биш, иргэдтэйгээ ойр байж, тэдний бодит асуудлыг тогтмол сонсдог байх ёстойг онцолсон юм.
Энэ үеэр намын ахмад гишүүн Г.Юндэн, сумын аварга малчин Ш.Жамъянхорол, ахмад урлагийн зүтгэлтэн Л.Дуламсүрэн нарын гэрээр нь зочилж, хүндэтгэл үзүүлэн, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.








