Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг СДМЭХ-ны сургагч багш нарт E4 стратегийг танилцууллаа

Админ

2026.05.20
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос гишүүдийнхээ манлайллын ур чадварыг дээшлүүлэхээр “SDW сургагч багш бэлтгэх сургалт”-ыг энэ сарын 18-23-ны хооронд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн /2026.05.20/ зочноор намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг оролцож “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг танилцууллаа.

Намын даргын дэвшүүлсэн Е4 стратеги нь үндсэн дөрвөн зарчмаар хэрэгжиж байна. Тодруулбал, анхан шатнаас эхэлнэ, гишүүний оролцоонд тулгуурлана, ил тод хэмжигдэхүйц байна, хариуцлага, эргэх холбоотой байх юм. Өмнө нь дэмждэг, дагадаг гишүүд байсан бол Е4 стратеги хэрэгжсэнээр оролцдог, нөлөөлдөг, хариуцдаг, манлайлдаг болно гэдгийг Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг онцлов.

Тэрбээр “SDW сургагч багш бэлтгэх сургалт”-д хамрагдаж буй эмэгтэйчүүд тухайн салбар холбоо, орон нутгийнхаа гишүүд, дэмжигчдийн нийгмийн идэвх, оролцоонд нөлөөлөх, манлайлах, мэдээллээ түгээх сургагч багш нар болж ажиллахыг хүслээ.

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос зохион байгуулж буй энэхүү сургалтад тус холбооны нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн салбарын төлөөлөл оролцож байгаа юм. 

Мөн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг сургагч багш нарын өнөөдрийн сургалтад амжилт хүсч, сургалтыг намын дэргэдэх Улс төрийн манлайллын академийн мэргэшсэн багш нар удирдан үргэлжлүүлж байна.