Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Ардын намын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд нараар ахлуулсан баг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзсаны дараагаар тус сумын зарим ахмад настнуудын гэрээр орж хүндэтгэл үзүүллээ.

“Ардын нам ард түмэндээ” аяны хүрээнд зөвхөн мэдээлэл хүргээд зогсохгүй, иргэдийнхээ санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцаж байгаараа онцлог. Энэ утгаараа намын анхан шатны гишүүд, малчид, ахмад настнууд, залуучууд, бизнес эрхлэгчид идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлж байгаа нь чухал гэж ахмадууд сайшаасан.

Эхний айл Монгол Ардын намын ахмад гишүүн Н.Отгонцэрэнгийнх. Тэрээр 1986 онд намын жинхэнэ гишүүн болж байсан. Үүний тулд 1985 онд намын “орлогч гишүүн” байж, намын анхны даалгавар гэгчийг авч байсан тухайгаа хуучиллаа. Н.Отгонцэрэн намын анхны даалгавартаа 5 тонн өвс хадах үүрэг авч, түүнийгээ амжилттай биелүүлсний эцэст Монгол Ардын намын гишүүн болох болзол нөхцөлийг хангаж байсан гэж дурссан юм. Энэ бүхнийг ярьсан шалтгаанаа тэрээр “намын гишүүн болох чин хүсэл эрмэлзэл тийм л үнэ цэнтэй, нэр хүндтэй байсан шигээ хариуцлага дагуулдаг зүйл байсан. Одоо харин ийм итгэл үнэмшил дүүрэн байж чадаж байгаа болов уу гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй” хэмээлээ.
Дараа нь насаараа бага ангийн багш хийсэн Ц.Энхжаргалынд зочилсон. Тэрбээр намынхаа үйл ажиллагааг дэмжин ажиллахын зэрэгцээ тэжээлийн ногоо тарьж хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хөдөлмөрч нэгэн. Зөвхөн өөрийн амьжиргаандаа анхаараад зогсохгүй сумындаа цэнгэлдэх хүрээлэнд 100ш улиас тарьж өгөөд 10 хоног тутамд усалдаг байна. Дараа нь сумын аварга малчин Д.Алтангэрэлийнд орсон. Эхнэр С.Оюуны хамтаар мал аж ахуй эрхэлж байгаа энэ буурай сумын алдарт уяач цолтой. Сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо цөөрч байгаад санаа зовнидог тэрээр энэ асуудалд анхаарлаа хандуулахыг захив. Ахмадуудаа зорин ирж үг сургаалыг нь сонсож, аяны ажлаа амжилттай өрнүүлж буй багийн гишүүдийн дараа дараагийн ажилд нь амжилт хүслээ.




