Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академи, Социал Демократ Ахмадын Холбоо болон Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй “Туршлагаас нөлөөлөл рүү” сургалт Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.09.23/ эхэллээ.

Сургалтад нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны СДАХ болон МАХ-ны удирдах түвшний 600 гаруй ахмад хамрагдаж байна.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү сургалтын өнөөдрийн хөтөлбөрт Баянзүрх дүүргийн 100 гаруй ахмад оролцож байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 1 хүртэл бусад дүүргийнхэн хамрагдана.

Сургалтыг Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар нээж үг хэлэв.

Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээнд тогтож үйл ажиллагаагаа явуулдаг намын хувьд Олон улсын ахмадын баярын өдрийг угтан ахмадуудынхаа үнэ цэнтэй туршлагаас суралцан нөлөөллийн сургалтыг зохион байгуулж байгааг Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг онцлов.

Улс төрийн манлайллын академийн мэргэжлийн сургагч багш нар тархи судлалд үндэслэсэн хөгжил, улс төрийн ёс зүй, үе хоорондын харилцаа, итгэл төрүүлж нөлөөлөх чадвар зэрэг олон сэдвээр сургалт орж, ахмадуудын өөрсдийнх нь оролцоотой туршлага дээр суурилсан хөтөлбөрүүдийг явуулна.






