СДХБИХ Хөвсгөл болон Ховд аймагт салбартай боллоо

Админ

2026.10.13
Үйл явдлын мэдээ

МАН-ын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо (СДХБИХ)-ны салбар холбоог Хөвсгөл болон Ховд аймагт байгуулж, анхдугаар хурлаа зохион байгууллаа.

Эдгээр хурлаар салбар холбоодын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, удирдлага болон тэргүүлэгчдээ сонгон баталсан юм.

Дээрх хоёр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүл, асран хамгаалагчдын төлөөлөл, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, мөн нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг сэргээн засах мэргэжилтэн, эмч, тусгай хэрэгцээт боловсролын багш нар хуралд оролцлоо.

Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Галбадрах СДХБИХ-ны салбарыг байгуулах хуралд оролцож намын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

Мөн Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр мэдээлэл хийж, иргэдийн нэр төр, бие даасан байдал болон нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг хангахын ач холбогдлыг танилцууллаа.

Энэ үеэр салбар холбооны тэргүүнээр Д.Одончимэгийг сонгож, тэргүүлэгчдийг нийт есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон баталсан юм. 

Хөвсгөл аймаг дахь салбар холбооны бүх гишүүдийн анхдугаар хуралд 60 гаруй гишүүн оролцлоо.

Хуралд Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Л.Төмөрбаатар оролцож  аймаг, орон нутагт хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонсох, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар санал бодлоо солилцлоо.

Хурлаас СДХБИХ-ны Хөвсгөл аймаг дахь салбар холбооны даргаар С.Лонжид, дэд даргаар Ц.Оюун-Эрдэнэ, тэргүүлэгчдээр А.Оюунчимэг, Б.Батбилэг, Д.Цолмон, С.Лонжид, М.Гэрэлтулга, О.Наранцацрал, Ц.Оюун-Эрдэнэ нарыг, Хяналтын хорооны гишүүдээр Б.Болормаа, Б.Мандахбаяр, Х.Уранцэцэг, Д.Отгонбаяр, Т.Сүхболд нарыг сонгов.