Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбоо (СДХБИХ), Улс төрийн манлайллын академи хамтран хоёр өдрийн турш зохион байгуулсан “LEAD THE LEADERS” манлайллын сургалт амжилттай болж, оролцогчдод батламж гардууллаа.

Сургалтад СДХБИХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд хамрагдсан бөгөөд Улс төрийн манлайллын академийн мэргэжлийн сургагч багш нар орчин үеийн хэрэгцээ, шаардлага, ирээдүйд эрэлттэй ур чадварууд гэсэн сэдвийн хүрээнд 14 модуль бүхий 18 цагийн багц сургалт орсон юм.

Энэ удаагийн “LEAD THE LEADERS” манлайллын сургалтын төгсөлтийн ёслолд МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл оролцов.
Тэрбээр Монгол Ардын Нам дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэхээр үндэсний хэмжээний төрийн бус байгууллагыг анх удаа байгуулсан тул нийгэм дэх оролцоогоо илүү хангаж ажиллах боломжтой болсныг онцоллоо.

Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл өмнө нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг удирдаж байсны хувьд цаашид энэ салбарын бодлогыг илүү хүртээмжтэй, чанартай болгох, оновчтой шийдлүүдийг гаргах нь чухал гэж үзэж байна.

Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал энэхүү манлайллын сургалт олон хүний амьдралын эерэг өөрчлөлтөд нөлөөлөхүйц өгөөжтэй сургалт болсон гэж дүгнэв.

СДХБИХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн О.Саранчулуун, дэд ерөнхийлөгчөөр Б.Сарантуяа, В.Ойдов, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Улсболд нар ажиллаж байна.








