СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ом Тэ Ёнтой уулзлаа

Админ

2026.06.11
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ом Тэ Ёнтой уулзаж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, олон соёлт гэр бүл, хүүхдийн эрх, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр санал солилцлоо.


Уулзалтын үеэр Д.Үүрийнтуяа гишүүн хоёр асуудлыг онцгойлон хөндөн тавив. Тодруулбал,  БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн үр дүнг онцлон танилцууллаа.
Уг төсөл 2021–2025 онд амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоог дэмжих сургалт, чадавхжуулах хөтөлбөрүүдийн үр дүнд Монгол Улсын 2024 оны УИХ-ын сонгуулиар эмэгтэй гишүүдийн эзлэх хувь түүхэндээ хамгийн өндөр буюу 25.4 хувь, нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон чухал үр дүнд хүрсэн юм.
Иймээс орон нутгийн болон дунд шатны эмэгтэй манлайлагчдыг чадавхжуулах, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог тогтвортой нэмэгдүүлэх зорилгоор төслийн дараагийн үе шатыг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа БНСУ-д ажиллаж, амьдарч буй зарим монгол иргэн хууль эрх зүйн хүндрэлтэй нөхцөлд амьдарч байгаа хэдий ч тэдний хүүхдүүд эрүүл мэнд, халамж, нийгмийн үйлчилгээ авах эрхээс хоцрох ёсгүйг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хүүхдийн эрхийг хамгаалах хүмүүнлэг зарчмын хүрээнд эдгээр хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, халамжийн хүртээмжийг сайжруулах асуудалд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудын түвшинд судалж үзэхийг хүслээ.

Ом Тэ Ён гишүүн өөрийн санаачлан байгуулж байсан олон соёлт гэр бүлийн төвийн туршлагаа хуваалцаж, олон соёлт гэр бүл, хүүхдийн эрх, боловсролын асуудалд олон жилийн турш анхаарч ирснээ тэмдэглэв.
Тэрээр KOICA-гийн төслийн үр дүн болон Монгол хүүхдүүдийн асуудлыг анхааралтай судалж, цаашид хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих бодлогын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мөн БНСУ-д амьдарч буй Монгол хүүхдүүдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлыг парламентын түвшинд хөндөн тавьсан бодит үр дүнтэй уулзалт боллоо.