SDPD: Увс аймгийн салбар холбоо хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тэгш оролцоог ханган ажиллана

Админ

2026.10.23
Үйл явдлын мэдээ

Увс аймгийн Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар холбоо байгуулах анхдугаар хурал өчигдөр /2026.10.22/ боллоо.

Чуулганд аймгийн МАН-ын хорооны дарга Б.Одгэрэл, дэд дарга Я.Бат-Орших, ажлын алба, гишүүд, төлөөлөгчид оролцож, холбооны зорилго, бодлого, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулан, Увс аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Чуулганаар Увс аймгийн Социал Демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар холбоог албан ёсоор байгуулж, холбооны тэргүүнээр Ч.Тогтохбаярыг сонгон, тэргүүлэгчид болон Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.

Тус салбар холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх, нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт, боловсролын боломжийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодит ажил, шинэ санаачилгыг хэрэгжүүлэн ажиллах юм.

Хурлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг зөвхөн халамжийн бодлогоор хязгаарлахгүйгээр хөдөлмөр эрхлэлт, боловсрол, хүртээмжтэй орчин, нийгмийн тэгш оролцоог хангах цогц бодлогоор шийдвэрлэх шаардлагатайг онцлон хэлэлцлээ.