Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Баянхонгор аймагт үргэлжилж байна.

Энэ удаад Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажиллаж, орон нутгийн намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр иргэд байгалийн баялгийн зохистой ашиглалт, уул уурхайн үр өгөөжийг орон нутгийн иргэд бодитоор хүртдэг байх, баялгийг зөвхөн олборлох бус, шаардлагатай үедээ үр ашигтай ашиглах, нөөцлөх бодлогын талаар санал бодлоо илэрхийлэв.


Түүнчлэн Шинэжинст сум, Хотгорын уурхай орчмын чиглэлийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайтын нүүрс тээврийн замтай холбож, цаашлаад Шивээхүрэн боомтын экспортын чиглэлтэй уялдуулах боломжийн талаар иргэд санал бодлоо хуваалцлаа.
Ажлын хэсгийн гишүүд иргэдийн санал, хүсэлтийг анхааралтай сонсож, байгалийн баялгийн үр өгөөжийг орон нутагт бодитоор хүртээх, авто зам, дэд бүтцийн асуудлыг бодлого, шийдвэрийн түвшинд уламжлан ажиллахаа илэрхийллээ.



